Улаанбаатар хотын есөн дүүрэг, 204 хорооны Засаг дарга нар болон Нийслэлийн Засаг дарга анх удаагаа уулзалт хийж, санал солилцсон талаар мэдээлсэн.
Уулзалтын үеэр ТҮЦ, засварын төвүүдийн хог новш, явган хүний гарцыг цэгцлэх, газраа зориулалтын бусаар ашиглаж буй явдлыг зогсоох, эзэнгүй удсан машин, төмрийн сэг, эвдэрсэн хашаа, хайсыг буулгах асуудал яригдсаныг дэлгэрүүлэн хүргэж байна.
Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Шинэ тойрог замын трасс үзэж, уржигдар Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн гэр хорооллын хэдэн гудамжаар явахад хэчнээн хоносон юм бүү мэд, номергүй автомашин хаясан байх юм. Хорооны дарга нь мэдэж байгаа юу. Хороогоороо явдаггүй учраас мэдэхгүй байна. Гудамж талбайд хаана нь юу байгааг мэдэж, хорооны Засаг дарга нар хороондоо эзэн болмоор байна.
Засварын төвүүд гэж гадна талдаа бүх хогоо овоолоод хаячихдаг газрууд байна. Нийслэлийн Хяналт Шалгалтын Газрынхан улсын байцаагч нартай явж, хороодын Засаг дарга нараас ирсэн дуудлага мэдээллийн дагуу үүдэндээ ашиглагдахаа больсон дугуй болон хог овоолчихсон, төмөр хаалт, хашлага босгосон газруудыг цэгцэлж, эрхийнхээ хүрээнд үйл ажиллагааг нь зогсоо.
ТҮЦ гэдэг байгууллага Монгол Улсад түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Хороо, дүүргийн Засаг дарга нар төв зам дагуу байршилтай ТҮЦ-үүдээ нүүлгэх хэрэгтэй. Сүхбаатар дүүрэг, Багшийн дээдийн урд талын ТҮЦ-үүдийг ирэх долоо хоног гэхэд нүүлгэ. Би өөрөө очиж шалгана.
Хороондоо байгаа хотын стандарт хангаагүй, навсайсан хашаа, саравчийг буулга. Төв зам дагуу газар эзэмшиж байгаа байгууллагуудад контейнерийн зориулалтаар хэзээ ч газар олгогдоогүй. ДХИС-ийн орчимд төв замын эргэдэг хэсэгт хашаан дотроо хог новш хураасан байна. Газрын албаныхан хороо, дүүргийн Засаг дарга нартай хамтарч яг ийм газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа иргэн, ААН-ийн эзэмших эрхийг цуцалъя. Ихэнх нь урд хожид авлига, арын хаалгаар газар авсан. Эрхийг цуцлахад иргэн, ААН-ийг хохироох юм юу ч байхгүй. Авсан газраа ашигладаггүй, эсвэл хог новш хурааж агуулах болгодог байдлыг цэгцэлье.
Улаанбаатар хотод ямар ч төлөвлөлтгүй явган хүний гарц олон байна. Дуртай газартаа явган хүний гарц бий болгосон. “Хоум плаза”-аас урагш И-Март орох замд ойрхон гурван ч гарц байдаг. 50 метр яваад л нэг ийм гарц байна гэдэг нь хөдөлгөөний эрчим ихсэхэд нөлөөлж байна. Тиймээс дүүргийн Засаг дарга нар түгжрэл ихээр үүсгэж байгаа явган хүний гарц хэсэгт нүхэн гарц хийх боломжийг судалж, байршлуудаа гаргаж өг.
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 37 дугаар хорооны дундах “Содон” хорооллын явган хүний гарц ачааллаа дийлдэггүй. Энд нүхэн гарц хэрэгтэй. Нүхэн гарцаар автомашин зогсолтгүй явах боломжтой байвал тэр хавийн хөдөлгөөний эрчим харьцангуй багасна" гэж хороо, дүүргийн Засаг нарт хатуухан хэлжээ.
Авто зогсоолын тухайд "Хуучин нийгмийн үед баригдсан хотхон, хорооллуудад далд зогсоол гэж байхгүй. Гадна талбайд төлөвлөсөн хэдхэн зогсоол нь хаанаа ч хүрдэггүй. Шинээр ашиглалтад орж байгаа байр хотхонууд ч мөн ялгаагүй шахуу. Үүнээс болоод хот маань хүнд биш машинд зориулсан хот болж хувирлаа. Хотхон, хорооллын дундах замуудынхаа хашлагыг давуулаад машинаа тавьчихдаг, тэргэнцэртэй иргэд, хүүхдийн тэрэг түрсэн хүн байтугай хажуугаар нь зүгээр зөрөхөд ч төвөгтэй нөхцөл байдал хаа сайгүй.
Худалдаа үйлчилгээний байгууллагууд хүртэл зогсоолгүйн улмаас худалдаачид өөрсдөө өглөө зогсоолдоо машинаа байрлуулаад орой гардаг байршлууд олон бий. 3, 4-р хороолол, Хүүхдийн 100 орчмын үйлчилгээний байгууллагуудын зогсоолын сэлгэлт маш муу.
Энэ мөн л бидний төлөвлөлтийн алдаа. Автомашины өсөлтийг тооцоогүйн уршиг. Дээрх нөхцөл байдлаас үүдээд гадна тохижилт, ногоон байгууламж, амрах салхилах талбай байтугай эвтэйхэн алхах явган зам ч хийхэд хүндрэлтэй болсон. Тиймээс боломжит зай, талбайг судалж, далд зогсоол байгуулах ажлыг эрчимжүүлнэ.
Ингэж байж гэрийнхээ гадаа машин дундуур сүлждэг биш аажуу тайван явган замаар алхдаг, ногоон байгууламжтай орчинд амраад суудаг орчин бүрдүүлнэ.
Урт цагаан худалдааны төвийн суурин дээр барьж буй далд зогсоол ашиглалтад орохоор тухайн дүүргийн холбогдох албаныхан болон Тээврийн цагдаагийнхан явган замын хашлага давуулж машин тавих, орц, гарц хааж машин байрлуулдаг байдлыг халах ёстой.
Машин унаж л байгаа бол зогсоолынхоо төлбөрийг төлөх, дүрэм журам зөрчихгүйгээр бусдад саадгүйгээр байрлуулж сурах цаг болсон" гэв.
Тэрбээр хорооны Засаг дарга нартай сар бүр тогтмол уулзаж, ажлын хэрэгжилтийг дүгнэж, шинэ санал санаачилгуудыг дэмжин ажиллахаа мэдэгдсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!