Говь-Алтай аймгийн номын сангуудын фондыг 10,000 номоор арвижуулах хандивын аян зохион байгуулж байна

Б.Бадамгарав, IKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Говь-Алтай аймагт 10,000 ном хандивлах аян энэ сарын 4-22-нд үргэлжилж байгаа талаар өнөөдөр зохион байгуулагчид нь мэдээлэл өглөө.

Тэд нийслэлийн Төв талбайд маргаашаас эхлэх Үндэсний номын баярын үеэр номын хандив хүлээн авах тул аймаг, сумын номын сангуудад ном хандивлах иргэдийг "Говь-Алтай" асартаа урьсан юм.

Одоогийн байдлаар иргэд, аж ахуйн нэгжүүд 3,000 гаруй ном хандивлаад байгаа аж.

Аймгийн нийтийн номын санд жилд улсын төсвөөс 3,000,000 төгрөг өгдөг. Хагас жилээр хуваан олгодог энэхүү мөнгөөр шинэ тутам гарч буй, уншигчдын хүсэл сонирхолд нийцсэн номыг цаг тухайд нь авах боломж хязгаарлагдмал, уншигчдынхаа эрэлт хэрэгцээг үнсэн фондоор хангаж чаддаггүйг Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн захирал нь хэлж байлаа. Сумдын номын сангийн жилийн төсөв 250,000 төгрөг байдаг ч энэ жил номын төсөв суугдаагүй тул сумын номын сангууд шинээр ном авах боломжгүй болжээ

Говь-Алтай аймаг нь 18 сум, хоёр тосгонтой. Сумдын номын сангийн фонд дунджаар 3,000-4,000 номтой байна. Хамгийн цөөн нь Цээл сум 1,200 номтой бол хамгийн олон номын фондтой Бугат суманд 17,000 ном бий аж.

Харин аймгийн нийтийн номын сангийн фонд 44,000 номтой. 

Хандиваар цугласан номуудыг сум, тосгоны номын сангуудад тэгш хуваарилах юм.