Д.Үүрийнтуяа: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт орвол 27,000 гаруй эх шинээр одон авна
Улсын Их Хурал(УИХ)-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нарын зургаан гишүүн 2025 оны зургаадугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлж байв.
Хуулийн төслийн зорилго нь нэг нас хүрээгүй хүүхдээ алдсан эхчүүдийн эрхийг хамгаалах, энэхүү урамшуулал, дэмжлэгийн тогтолцоонд хамруулах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг ялгаварлахгүй байх, төрөлтийг дэмжих, хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. Мөн хуулийн төсөлд хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд, нас барсан хүүхдийг хамруулахаар эрх зүйн зохицуулалтыг тусгасан гэж танилцуулгад дурджээ.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа "Хуулийн өмнөх өөрчлөлт буюу 2024 оны тавдугаар сард Ерөнхийлөгчийн өргөн барьж батлуулсан хуулиар нэгээс дээш насандаа нас барсан, байгалийн гамшиг, осол зэрэг шалтгааны улмаас нас барсан хүүхдийг оруулан тооцдог болсон. Харин нэг нас хүрээгүй байхдаа эндсэн бол одон олгоход тооцохгүй үлдсэн. Бид Үндсэн хуульдаа хүнийг үндэс угсаа, нас хүйс, эрхэлсэн ажил албан тушаал зэргээр ялгаварлан гадуурхахгүй гэж заасан. Мөн хүний эрх зөрчигдөхтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг төр хариуцах ёстой.
Иргэнийхээ хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэг нь төрийн өмнө байгаа учраас орхигдсон эрхийг нь сэргээн эдлүүлэхээр хууль санаачлагчийн хувьд энэ төслийг оруулж ирж байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
