• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотын болон хороо, дүүргийн Засаг дарга нарын анхны уулзалт болжээ

Б.Манлай
2025 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хот нь төвийн зургаа, алслагдсан гурван дүүрэгтэй. Нийт 204 хороотой. Өнөөдөр анх удаа Нийслэлийн Засаг дарга болон эдгээр дүүрэг, хороодын Засаг дарга нарын уулзалт Хангарьд цогцолборт болов. 

Хуульзүйн сайд асан Х.Нямбаатар 2023 онд Нийслэлийн Засаг даргаар томилогдсоноосоо хойш хороо, дүүргийн Засаг дарга нарын санал хүсэлтийг анх удаа буюу өнөөдөр сонсжээ.

Хотын дарга Х.Нямбаатар "Хороодын Засаг дарга нар хаана аль гудамжинд ямар орц, гарц хаалттай, аль шон дээрх гэрэл гэмтэлтэй, аль хэсгийн явган зам ундуй сундуй байгааг хамгийн сайн мэддэг.

Тэр ч утгаараа орц, гарц нээх шаардлагатай байршлууд, гудамж талбайд удаан хугацаанд байрлуулсан эвдэрсэн машинууд, хур хог, эвдэрсэн хашаа, хайс зэргийг бүртгэж, нэн яаралтай холбогдох газруудад уламжилж, шийдвэрлүүлэх талаас нь ажиллахыг үүрэг болголоо. Эдгээр ажлуудыг нэгэн зэрэг эхлүүлж, түргэн хугацаанд шийдвэрлэх боломжтой.

Хороодын Засаг дарга нартай сар бүр тогтмол уулзаж, ажлын хэрэгжилтийг дүгнэж, шинэ санал санаачилгуудыг дэмжин ажиллах болно.

Улаанбаатар хотод ямар ч төлөвлөлтгүй явган хүний гарц олон байна. Дуртай газартаа явган хүний гарц бий болгосон. “Хоум плаза”-аас урагш И-Март орох замд ойрхон гурван ч гарц байдаг. 50 метр яваад л нэг ийм гарц байна гэдэг нь хөдөлгөөний эрчим ихсэхэд нөлөөлж байна. Тиймээс дүүргийн Засаг дарга нар түгжрэл ихээр үүсгэж байгаа явган хүний гарц хэсэгт нүхэн гарц хийх боломжийг судалж, байршлуудаа гаргаж өг. Жишээлбэл Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 37 дугаар хорооны дундах “Содон” хорооллын явган хүний гарц ачааллаа дийлдэггүй. Энд нүхэн гарц хэрэгтэй. Нүхэн гарцаар автомашин зогсолтгүй явах боломжтой байвал тэр хавийн хөдөлгөөний эрчим харьцангуй багасна. Дүүрэг, хороодын Засаг дарга нар энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй" гэв.

Уулзалтын үеэр дүүрэг, хороодын Засаг дарга нар дараах зургаан чиг үүргийг авсан байна.

  1. Явган хүний зам талбайг чөлөөлж, хотын стандартад нийцүүлэх, тохижилт, ногоон байгууламжид анхаарах. Иргэдийн чөлөөтэй зорчих, амрах нөхцөлийг бүрдүүлж өгөхөд Засаг дарга нар тусгайлан анхаарч, хороондоо эзэн шиг хандах.
     
  2. Нийслэлээс “Зогсоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Тиймээс хороодын Засаг дарга нар нутаг дэвсгэр дээрх автомашины тоо, одоо байгаа зогсоолын тоо, цаашид барих боломжтой далд зогсоолын байршлуудын судалгааг гаргаж, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрт хүлээлгэн өгөх. Улаанбаатар хотын иргэдийн 46 хувь гэр хороололд амьдардаг. 2040 он гэхэд гэр хороололд амьдардаг иргэдийн 80 гаруй хувийг орон сууцанд хамруулахыг зорьж байна. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд эхний ээлжид зогсоолын асуудлыг шийднэ. Мөн ногоон байгууламж, иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх газрыг эхнээс нь зэрэгцүүлэн төлөвлөх
     
  3. Хороо бүрд байгаа эзэнгүй удсан машин, төмрийн сэг, хурсан хог хаягдал, эвдэрсэн хашаа, хайсыг буулгаж, хотын өнгө үзэмжийг сайжруулахад үүрэг оролцоотой ажиллах
     
  4. Улаанбаатар хотыг ногоон, шар бүсэд хувааж, ногоон бүсэд хамаарах 103,090 өрхийг цахилгаан болон хийн түлшинд шилжүүлнэ. Ингэхдээ 51 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулна. Байшин сууцны гадна дулаалга хийх, дээврийн дулаалга, цонхны дулаалга, цонх солих ажилд төрөөс дэмжлэг үзүүлнэ. Энэхүү дулаалгын төсөлд гэр болон амины орон сууцны нөхцөл байдлыг тодорхойлох зэрэг ажилд дүүрэг, хороодоос дэмжлэг үзүүлж, оролцоотой ажиллах
     
  5. Золбин нохой, муурын судалгааг гаргаж, ялангуяа зуслангийн бүсэд иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байгаа муур, нохойн асуудлыг цэгцлэх
     
  6. Хотын соёлыг бий болгох, эерэг хандлага түгээх, аялал жуулчлалыг татах зорилгоор энэ онд хэд хэдэн томоохон арга хэмжээ, эвентийг Улаанбаатар хотоос зохион байгуулж байна. Тухайлбал энэ сарын 8-нд Сүхбаатарын талбайд болох “UB food” олон улсын хоолны фестиваль нь хотын соёлыг бий болгож, жуулчдыг татахад эерэг нөлөө үзүүлэх юм. Эдгээр арга хэмжээг дүүрэг, хороодоос дэмжин ажиллаж, идэвхтэй оролцож, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хамтарч ажиллах.

Засаг дарга нарын уулзалтыг цаашид сар бүр зохион байгуулах шийдэлд хүрчээ.

зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг