Насанд хүрсэн үедээ жин нэмбэл хорт хавдрын эрсдэл дээд тал нь тав дахин өсдөгийг судалгааны үр дүн харуулжээ
Насанд хүрсэн хүний биеийн жин хэвийн хэмжээнээс нэмэгдвэл хорт хавдрын эрсдэл тав дахин өсдөгийг 600,000 гаруй өвчтөн хамрагдсан судалгааны үр дүн харуулжээ.
Таргалалт нь 13 төрлийн хорт хавдрын шууд шалтгаан болж, өөр найман төрлийн хорт хавдартай тодорхой хэмжээгээр холбоотой гэж үздэг.
Гэхдээ жин нэмэгдэх болон аль насандаа нэмэгдэх нь хорт хавдрын эрсдэлд хэрхэн нөлөөлдгийг бага судалсан байдаг.
Үүнийг тодруулахын тулд Шведийн Лунд Их Сургуулийн судлаачид 600,000 гаруй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн жин, хорт хавдрын өвчлөлийн түүхийг шинжлээд жин нэмэхэд аюулгүй нас гэж байдаггүйг тогтоожээ.
Тэд энэхүү судалгааныхаа үр дүнг Истанбул хотод зохион байгуулагдсан Таргалалтын асуудлаар Европын Конгресс чуулганд танилцуулсан байна.
Эрдэмтэд 250,000 гаруй эрэгтэй, 380 орчим эмэгтэйн биеийн жинг 17-60 насны хооронд дунджаар дөрвөн удаа хэмжжээ.
Мөн тэдний хорт хавдрын өвчлөлийн түүхийг 2023 он хүртэл судалсан байна.
Ингэхэд ихэнх төрлийн хорт хавдрын эрсдэл насанд хүрсний эхэн үед болон дундуур таргалсан хүмүүсийн хувьд илүү их нэмэгдэж байгаа нь ажиглагджээ.
Лунд Их Сургуулийн дэд профессор, судалгааны ахлагч Антон Нильсон “Насанд хүрсэн хүний эхэн үеийн таргалалт, цаашдын жингийн өсөлт хорт хавдрын эрсдэлийг улам нэмэгдүүлж байна” гэж энэ талаар тайлбарласан байна.
Тухайлбал 30 нас хүрэхээс өмнө таргалсан эрчүүдийн элэгний хорт хавдраар өвчлөх эрсдэл тав дахин, нойр булчирхай, бөөрний хорт хавдрын эрсдэл хоёр дахин, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэл хэвийн жингээ хадгалсан нэг үеийнхэнтэй нь харьцуулахад 58 хувиар нэмэгдэж байжээ.
30 хүрэхээсээ өмнө таргалсан эмэгтэйчүүдийн хувьд умайн хүзүүний хорт хавдрын эрсдэл 4.5 дахин, нойр булчирхайн хорт хавдрын эрсдэл 67 хувь, бөөрнийх хоёр дахин, менингомын эрсдэл 76 хувиар өссөн байна.
Харин дунд насандаа таргалсан хүмүүсийн хувьд хүйсээс хамааран ялгаатай байжээ.
30 наснаас хойш таргалсан эмэгтэйчүүдийн хувьд умайн хүзүүний, цэвэршилтийн дараах хөхний, менингомын зэрэг бэлгийн дааврын өөрчлөлттэй холбоотой хорт хавдруудын эрсдэл харьцангуй нэмэгдсэн байна.
Бас бүдүүн гэдэсний хорт хавдар эмэгтэйчүүдийн жингийн өөрчлөлттэй нягт холбоотой байжээ.
Эрчүүдийн хувьд 45 наснаас өмнө жин нэмэгдэх нь улаан хоолой, элэгний хорт хавдартай илүү хүчтэй холбогдсон байна.
Ерөнхийдөө хамгийн их жин нэмсэн (дунджаар 32 кг) болон хамгийн бага жин нэмсэн (дунджаар 8 кг) хүмүүсийн хоорондох хорт хавдрын эрсдэл 7 хувиар өсөж байжээ.
Тэдгээрийн хооронд элэгний хорт хавдрын эрсдэл бараг гурав дахин, улаан хоолойн хорт хавдрын эрсдэл хоёр дахин, өнчин тархины хавдрын эрсдэл гурав дахин, бөөрний эсийн, ходоодны, бүдүүн гэдэсний хавдрын эрсдэл 50-аас дээш хувиар нэмэгдсэн байна.
Хамгийн их жин нэмсэн эмэгтэйчүүд хамгийн бага жин нэмсэнтэй харьцуулахад эндометрийн хавдрын эрсдэл бараг дөрөв дахин, өнчин тархины хавдрын эрсдэл хоёр дахин, бөөрний эсийн хавдар 91 хувиар, цэвэршилтийн дараах хөхний хавдар 42 хувиар, менингомын хавдар 32 хувиар, бүдүүн гэдэсний хавдар 31 хувиар тус тус өсөж байжээ.
Ерөнхийдөө бага хэмжээгээр жин нэмсэн хүмүүст бас хорт хавдрын эрсдэл өндөр хэвээр байгаа нь илүүдэл жингээс зайлсхийх шаардлагатайг харуулж буйг эрдэмтэд онцолсон байна.
“Бидний судалгаа ямар нэг гаднын нөлөө, зан үйлийн хүчин зүйлийг тооцоогүй ч насанд хүрсэн амьдралынхаа туршид тогтвортой, эрүүл жингээ хадгалахын ач холбогдлыг харуулж байна” гэж Нильсон профессор дүгнэжээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
