СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийслэл хотод хогийн цэгт гал түймэр гарах нь ихэсжээ
Нийслэлийн хэмжээнд 2026 оны тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар объектын гал түймрийн 999 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Үүнээс орон сууцны гадаах хогийн цэг шатсан 76, хогийн суваг буюу бункерт хог шатсан 35 дуудлага бүртгэгдсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хогийн цэг шатсан дуудлага 85 хувиар өсөж, хогийн сувагт хог шатсан дуудлага 42 хувиар буурчээ.
Мөн төвлөрсөн хогийн цэгт гал түймэр гарсан дуудлага ч бүртгэгджээ. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Улаанчулуутын хогийн цэгт энэ сарын 13-ны шөнө 0.7 га талбайд хог шатаж, гал сөнөөгчид унтраажээ.
Гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаа тул иргэд гэр, сууцны галын аюулгүй байдлаа хангаж урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой Байдлын Газраас анхаарууллаа.
Хогийн цэгт гал түймрээс гарахаас урьдчилан сэргийлэх үндсэн арга хэмжээнүүд:
- Хогийн цэг, сувагт галтай үнс, нурам, тамхины ишийг хаяхыг хатуу хориглоно.
- Хогийн цэгийн эргэн тойронд ковшоор хөрс хуулж, 15 метр өргөн хамгаалалтын зурвас байгуулах.
- Хогийг ил задгай орхилгүйгээр хөрсөөр булах нь гал гарахаас сэргийлнэ.
- Хуурайшилт ихтэй үед галын аюулгүй байдлыг шалгах, эргүүл ажиллуулах.
- Барилга, байгууламжаас 50 метрийн зайд хог шатаахыг хориглоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
