П.Наранбаяр: Багш нарыг нэг цалинтай болгоно гээд одоогийн үндсэн суурь цалингаас шууд тооцож нэмэгдэл олгодог 50, 50 хувь руугаа эргээд орж байна
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр багш нарын цалингийн нэмэгдлийн асуудал яригдлаа.
УИХ-ын гишүүн П.Наранбаяр: Эдийн засгийн өсөлтийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 5 хувиар, Засгийн газар 6 хувиар, Дэлхийн банк 5.5 хувиар гэж төсөөлсөн байна. Засгийн газар төсөөлсөн хэмжээнд хүрч чадахгүй бол ямар нэгэн өөр төлөвлөгөө бий юу.
Багш, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэлээд өсгөсөн гэж яригдаад байгаа. Гэхдээ энэ бол хэт доогуур бага цалинтай явж ирсний уршиг одоо гарч ирж байна. Үйлдвэрчний эвлэл тухайн үед ажил хаяад үндсэн цалингаа өсгөх шаардлага тавьсны дагуу ярилцаад цалингийн бүтцийн шинэчлэл хийснээр үндсэн цалинг 50 хувиар, 11, 12 дугаар сард 26 хувиар нэмэх зүйл явж байгаа.
Тухайн үед 618 тэрбум төгрөг биш 969 тэрбум төгрөгийн тооцоог оруулж хэлэлцсэн боловч УИХ-аас 618 тэрбум төгрөгөөр баталж өгсөн. Тиймээс үндсэн цалинг нийт цалингийн бүтэц дотор 70 хувь эзлэхүйц байхаар зорьж, бүтцийг өөрчлөх ажлыг эхлүүлсэн.
Гэтэл хоёр цалинтай гарлаа гэх шүүмжлэл өрнөхөд нэг цалинтай болгож байна гээд одоогийн үндсэн суурь цалингаас шууд тооцож нэмэгдэл олгодог 50, 50 хувь руугаа эргээд орж байна. Багш нарын цалин бараг 12, 13 нэмэгдэлтэйгээр явж байгааг олон улсын байгууллагууд шүүмжилж үндсэн цалинд шингээх ёстой гэдэг зүйлийг ярьдаг.
Ингээд явчихаар төсвийн хүрэлцээний асуудал гарна. Бид орж ирсэн 618 тэрбум төгрөгийг сар сараар нь тооцоод хүргээд явсан. Харамсалтай нь одоо хүрэлцэхгүй болж байна. Сангийн яамнаас тодруулж асуухад салбарын сайд нь өөрийнхөө урсгал зардлаас асуудлаа шийднэ гээд байгаа. Урсгал зардал 4.3 их наяд төгрөгийн 3.1 их наяд төгрөг нь одоогийн цалингийн сан. Үлдсэн нэг их наяд төгрөг дээр сургууль, цэцэрлэгийн хоолны мөнгө байгаа.
Сангийн яамнаас тухайн үед зөвлөл дээр 600 тэрбум төгрөг нэмэлтээр хэрэгтэй гээд байгаа, энэ мөнгө гарахгүй. Та бүхэн 2026 оны төсвөө тодотгохгүй байх нөхцөл үүсвэл төсвөө яаж хүргэх гэж байна вэ. Одоогийн байгаагаар нэмээд явж болно, гэхдээ бид бодит үнэнийг эгцлэн харж нүүр тулах хэрэгтэй. Цалингийн төвөгтэй бүтцийг шинэчлэх ёстой.
Ерөнхий сайд Н.Учрал: Эдийн засгийн өсөлтийн зургаан хувь бол эдийн засгийг халаахгүй. Олон улсын байгууллагууд эдийн засгийн өсөлтийг өмнөх жилүүдээс буурна гэдэг таамаглал гаргаж зөвлөж байгаа. Бид дотооддоо ямар үйл ажиллагаа явуулж, тэргүүн ээлжид юу юу хийхийг тэд мэдэхгүй шүү дээ. Алт зэс, нүүрсний үнэ өсчихсөн байна. Гааль, боомт дээр зохих арга хэмжээ авч ажиллаж байгаа.
Импорт дээр ажиллах шаардлагатай байгаа учраас шуурхай арга хэмжээнүүдийг авсан. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хууль, татвар, халамж, төрийн албан хаагчийн цалин хөлсний асуудлыг нэг мөр оруулж ирээд шийдүүлнэ.
Би ажил аваад нөхцөл байдалтай очиж танилцсан. УИХ-аас 618 тэрбум төгрөгийг баталж өгсөн. П.Наранбаяр сайд бол үйлдвэрчний эвлэлтэй уулзаад багш нарын цалинг нэмэгдүүлэх гурван талт уулзалтуудыг хийгээд явсан. Гэхдээ таныг манай төсөв санхүү хариуцаж байсан сайд нар хуурсан юм байна гэж бодсон.
Энэ жилийн эхний гурван сарын мөнгийг түрүүлж аваад идчихсэн нь үнэн. Дөрөвдүгээр сард анх удаа орлогын гүйцэтгэл биелсэн. Таны 618 тэрбум төгрөгт тохируулах нэрийдлээр Засгийн газрын тогтоолыг өөрчлөөгүй. Та өөрчлүүлье гэж олон санал тавьсан. Хуучин цалин дээр 50 хувь нэмээд, шинэ цалин дээр нэмэгдэл тооцоод 50 хувь нэмсэн шүү гээд биеэ хуурсан. Чадахгүй юм бол яах гэж 50 хувь нэмнэ гэсэн юм бэ. 11 дүгээр сард дахиад 26 хувь нэмнэ.
видео:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
