Өнөөдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.14/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлсэн.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснийг Сангийн сайд дуулгаад төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэх хүсэлт гаргасныг Улсын Их Хурлын даргад уламжилсан. Энэ дагуу өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн юм.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын 1 дүгээр хавсралтын 3.6.2-т “Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тосны бүтээгдэхүүн, химийн үйлдвэрийг бусад дагалдах үйлдвэрийн хамт байгуулна” гэж, 3.2.22-т “Ховд аймгийн Ховд гол дээр эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулах үүрэг бүхий Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барина” гэж тус тус заажээ.
Гэвч тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зардлын хэмжээ болон тэнцвэржүүлсэн тэнцэлд гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлж байгаа төслүүдийн зардлыг тусгаж тооцдог. Төсвийн тухай хуулийн зохицуулалтаар импортыг орлож, үйл ажиллагааны орлогоороо зардлаа нөхөх чадамжтай, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, үр ашиг бүхий томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд хуульд заасан төсвийн зардал, тэнцлийн хязгаарыг давахаар байгаа нь тухайн төслүүдийг зогсонги байдалд оруулж байгаа аж.
Иймд гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх тодорхой төслүүдийн санхүүжилтийн ашиглалтыг холбогдох гэрээ, хэлэлцээрээр тогтоосон хугацаанд ашиглаж, төслийг бүрэн ашиглалтад оруулахад зориулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан судалгаанд гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх асуудлыг анхдагч хуулиар зохицуулах шаардлагатай гэж дүгнэсэн аж.
Ийнхүү дээр дурдсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх үүднээс тандан судалгааны тайланд тусгагдсан хэрэгцээ, шаардлагад үндэслэн энэхүү анхдагч хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлэн уг хуулийн төслийг 4 бүлэг, 5 зүйлтэйгээр боловсруулсан байна.
Хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:
- Хуулийн үйлчлэлд зөвхөн гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэр барих, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүд хамаарахыг зааж, үүнээс өөр төсөл хуульд нэмж тусгахыг хориглосон байна.
- Гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлж буй дээр нэр дурдсан хоёр төслийн санхүүжилтийн ашиглалтын зардал нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр баталсан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ болон нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын хэмжээг нэмэгдүүлж болохоор хуулийн төсөлд тусгажээ.
- Хуулийн төсөлд тухайн жилийн Төсвийн тухай хуулиар батлагдсан гадаад зээлийн санхүүжилтийн ашиглалтын зардал нь Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийн ашиглалтын зардлаар нэмэгдэж болох тухай зохицуулалтыг авч үзсэн байна.
- Засгийн газраас энэхүү хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж буй талаар Улсын Их Хуралд тухайн жилийн төсвийн гүйцэтгэлийн хамт тайлагнах зохицуулалт болон эдгээр төслийн хэрэгжилт, санхүүжилт, төслийн ашиглалттай холбоотой мэдээллийг олон нийтэд тогтмол, ил тод хүргэх талаар тусгасан байна.
- Хуулийн төсөлд хуулийг дагаж мөрдөх журмын талаар тусгаж, энэхүү хууль нь Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийн хэрэгжих нийт хугацаанд хүчинтэй байхаар тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
