Цахим технологийн сөрөг нөлөөллөөс иргэнээ хамгаалахад Монгол Улс бэлэн биш байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 12 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос 25 жилийнхээ ойг угтаж "Хүний эрх ба цахим технологи" сэдэвт олон нийтийн нээлттэй хяналт, шалгалтын судалгааг сүүлийн гурван жилийн хугацаанд явуулжээ. Уг тайлангаас гарсан үр дүнг өнөөдөр танилцууллаа.

"Tech 4 rights" арга хэмжээний хүрээнд 11 сэдвийг танилцуулав.

Тодруулбал

  • И-Монгол систем, иргэний бүртгэлийн цахим туслах дахь хүний эрхийн эрсдэлийн үнэлгээ,
  • Хүнийг тагнаж чагнах боломжтой техник хэрэгсэл ба хувийн халдашгүй байдлын эрх,
  • Хяналтын камер ба хувийн мэдээлэл хамгаалал,
  • Монгол Улсад зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаа, цахим гав,
  • Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд буй эрэн сурвалжлагдаж, ял эдэлж буй иргэний хувийн мэдээллийг хамгаалж буй нөхцөл байдлын үнэлгээ,
  • Олон нийтийн сүлжээний бодлого, эрх зүйн зохицуулалт,
  • Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, 
  • Хиймэл оюуны бодлого, эрх зүйн зохицуулалт,
  • Цахим хүртээмж,
  • Цахим туслах төхөөрөмж,
  • Эрүүл мэндийн салбар дахь цахим туслах, хүний эрхийн асуудал гэсэн сэдвээр судалгаа хийжээ.

Эдгээр 11 сэдэв дотроо 40 гаруй асуудлыг багтаасан өргөн хүрээний хяналт шалгалт хийлээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдрийн тайланд "Хүний эрх ба цахим технологи" сэдвээр ХЭҮК-ын гишүүн, Хууль зүйн доктор Г.Нарантуяа илтгэл тавьсан юм.

Тэрбээр "Цахим технологи хүний амьдрал, нийгмийн харилцааны мөн чанарын агуулгыг өөрчилж байна. Үүнд Монгол Улс бэлэн үү, манай улсад хүний эрх, эрх чөлөө хамгаалагдсан уу гэдэг асуултын хариулахын тулд бид хоёр жил судалгаа, үнэлгээний ажлыг зохион байгуулсан.

Өнөөдөр ухаалаг утас, олон нийтийн сүлжээний платформууд, цахим үйлчилгээ, төлбөрийн систем, хиймэл оюун, үүлэн тооцоолол, хяналтын камер зэрэг нь хүний амьдралын энгийн эд зүйлс болжээ.

Цахим хөгжил бол зөвхөн инновац, эдийн засгийн хөгжлийн асуудал биш юм. Энэ бол хүний тухай, хүний мөн чанар, хүн ёсоор амьдрах орон зай, халдашгүй эрх чөлөөтэй орших тухай буюу нийгмийн шударга ёсны асуудал. 

Хиймэл оюун зөвхөн өгөгдөл боловсруулах хэрэгсэл төдий бус шийдвэрийг тодорхойлох нөлөөтэй оролцогч болж байна. Технологи, хүний үзэл бодол, сонголт, сонирхол, эрүүл мэнд, харилцаа холбоо, байршлыг мэдээллийг шинэчилж, үзэл бодолд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байна.

ХЭҮК-оос хүний эрх ба цахим технологи сэдвээр судалгаа хийхээр 2022 онд шийдвэрлэсэн. Энэ хүрээнд бид и-монгол систем төрийн үйлчилгээний цахимжилт цаг хугацаа, зардлыг хэмнэх, төрийн байгууллагад биечлэн очих шаардлагыг бууруулж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн. И-Монгол платформын хүртээмжийн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 96 хувь нь уг систем тодорхой давуу байдлыг бий болгосон гэж үзжээ.

Манай улс нь өргөн уудам газар нутагтай, хүн амын сийрэг суурьшил, хот, хөдөөгийн ялгаа, төрийн үйлчилгээний хүртээмжийн тэгш бус байдлыг шийдвэрлэхэд цахим технологи стратегийн ач холбогдолтой. 

Нөгөө талаас хүний эрхийн шаардлагад нийцсэн технологийн зохицуулалт нь олон нийтийн итгэл, төр ба иргэний итгэлцлийг бий болгоно. Тиймээс үндсэн 11 сэдвээр 40 гаруй асуудлыг багтаасан судалгаа хийсэн юм. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Судалгаанаас үзэхэд цахим технологийн сөрөг нөлөөллөөс иргэнээ хамгаалахад Монгол Улс бэлэн биш байна гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн. Тухайлбал эрүүл мэндийн салбар бүхэлдээ хууль зөрчин хурууны хээгээр танин баталгаажуулалт хийж байна. Хүний эрхэд ноцтой нөлөөлөх цахим систем, платформуудыг хууль ёсны шийдвэр, эрхзүйн зохицуулалт, зохих ёсны үнэлгээ, урт хугацааны төлөвлөгөөгүй ашиглаж байна. Төрийн цахим дэд бүтцийг төрийн байгууллага, хувийн хэвшилд ашиглуулахтай холбоотой шийдвэр гэрээ ил тод бус, хувийн мэдээллийг анх цуглуулсан зорилгоос өөрөөр ашиглахыг хориглосон зохицуулалт түгээмэл зөрчигдөж байгаа боловч хариуцлага тооцох оновчтой механизм алга байна.

Албан бус боловсролын хүрээнд иргэдэд цахим ур чадвар олгох төрийн цогц бодлого алга. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг иргэдэд ойлгуулах үүргийг цахим хөгжлийн яам хариуцдаг боловч өнөөдрийг болтол энэ асуудлыг дагнаж хариуцсан мэргэжилтэнгүй байна.

Цахим технологи ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралыг өөрчлөх боломжтой болсон боловч туслах төхөөрөмжөөр эдгээр нийгмийн бүлгийг мэдээллээр хангах бодлого сул байна.

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, алслагдсан орон нутгийн иргэд цахим хөгжлөөс хоцорч буй.

Монгол Улсын цахим шилжилтийн хурд, түүний сөрөг нөлөөллийг хянан зохицуулах, хүний эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтаас хол хоцорчээ. Дэлхийн улс орон бүр ийм бэрхшээлтэй тулгарч байгаа ч манай улсын хувьд уг асуудалд санаа зовохгүй байгаагаараа ялгарч байна" гэв.