Сөүл хотын төвд босгосон Солонгосын дайны дурсгалын хөшөөний этгээд загвар, байрлал маргаан дагуулж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сөүл хотын төвд оршдог Гванхвамуны талбайд Солонгосын дайны дурсгалын шинэ хөшөө энэ долоо хоногийн Мягмар гарагт нээгджээ.

23 ширхэг өвөрмөц чулуун бүтэц нь 1950-1953 оны Солонгосын дайнд холбоотон болж оролцсон Өмнөд Солонгос болон бусад 22 улсыг бэлгэдэж байгаа юм байна.

Бүтэц тус бүр нь 6.25 метр урт бөгөөд энэ нь дайн эхэлсэн 1950 оны зургаадугаар сарын 25-ны өдрийг илэрхийлжээ.

Гванхвамуны талбайд 15 дугаар зуунд солонгос бичгийг зохиосон Сэжон хаан, 16 дугаар зуунд Японы эзлэн түрэмгийллийг няцаасан адмирал И Сүн Шин зэрэг түүхэн хүмүүсийн хөшөө байрладаг.

Гэвч шинэ хөшөөний ойлгомжгүй хэв загвар, иргэдийн эсэргүүцэл илэрхийлэх, амарч зугаалах орон зай болдог талбайг булаасан байрлал зэрэг нь нэлээд шүүмжлэл дагуулжээ.

“Эдгээр нь далайн эрэг дээр хаягдсан халимын араг яс шиг харагдаж байна” гэж Австралиас ирсэн жуулчин өөрийн сэтгэгдлийг илэрхийлсэн байна.

Их Британиас ирсэн өөр нэг жуулчин хөшөөг “Викингүүдын хөлөг онгоцны сэг”-тэй зүйрлэжээ.

Нээлтийн үеэр Сөүл хотын захирагч О Сэ Хүүн уг байгууламж нь өнөөдрийн Солонгос улсын суурийг тавихад тусалсан улс орнуудад талархал илэрхийлсэн агуулгатайг тайлбарлаж байв.

Гэвч Түүхэн Үнэн, Шударга Ёсны Төвийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Хак Жин шинэ хөшөөг Солонгосын түүх соёлын чухал төв болсон Гванхвамуны талбайн үзэмжийг эвдэж байгааг шүүмжилжээ.

“Сэжон хаан, адмирал И, хааны ордон, ханбук зэрэг бусад уламжлалт үзмэрүүдтэй танилцах жуулчдын төсөөллийг энэ байгууламж эвдэж байна” гэж тэр хэлсэн юм.

Зургаадугаар сарын 3-ны өдөр болох орон нутгийн сонгуулиас хэдхэн хоногийн өмнө иргэдийн жагсаал цуглаан болдог талбай дээр ийм хөшөө байрлуулсан нь улс төрийн зорилготой байж магадгүй гэж зарим идэвхтнүүд сэжиглэж байна.

Уг сонгуульд Сөүл хотын захирагчийн албан тушаалд өрсөлдөж буй Ардчилсан Намын нэр дэвшигч Чон Вон О одоогийн захирагчийг татвар төлөгчдийн 20 тэрбум воноор ($13.5 сая) улс төрийн үзэл бодлоо сурталчилсан гэж буруутгажээ.

Тэрбээр санал асуулгаар хотын дараагийн захирагч болох хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигч болохоо харуулаад байгаа.

Чон хэрвээ сонгогдвол уг хөшөөг Ёнсан руу нүүлгэх асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаа амласан байна.

Зүүн жигүүрийн Шударга Ёсны намын нэр дэвшигч Квон Юн Гүк бас шинэ хөшөөг эсэргүүцэхдээ “Сөүл хот цэргийн парадын талбар болох ёсгүй” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Korea Times