АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Бээжин нисэхдээ “Мадуро” загварын Nike бэлтгэлийн хувцсаар гангарчээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн ховор дүр төрхийг харуулсан гэрэл зураг сошиал ертөнцөд таржээ.
Тэрбээр Трампын нисэх онгоцонд Nike Tech загварын бэлтгэлийн хувцастай аялж байгааг энэ зураг харуулсан байна.
Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Стивен Чун уг зургийг анх “Нарийн бичгийн дарга Рубио ерөнхийлөгчийн онгоцонд Nike Tech 'Венесуэл' өмсөж явна!” гэсэн тайлбартай сошиал хуудсандаа нийтэлсэн юм.
Венесуэлтэй холбосон шалтгаан нь ерөнхийлөгч асан Николас Мадуро энэ оны эхээр АНУ-ын тусгай хүчнийхэнд баривчлагдахдаа ийм загварын хувцастай байсантай холбоотой.
Сошиал ертөнцөд Рубиогийн өмссөн хувцсыг Мадурогийн хувцастай харьцуулсан маш олон эвлүүлэг, мэм зургууд тараад байна.
Голдуу албаны бараан өнгийн хослолтой олны нүдэнд харагддаг Рубиогийн хувьд энэ нь ховор үзэгдэл юм.
Төрийн нарийн бичгийн дарга Вашингтоноос Бээжин хүрэх урт аялалд тав тухтай зорчихын тулд бэлтгэлийн хувцас, пүүз өмссөн бололтой.
Рубиогийн хувьд Хятадын айлчлал онцгой үйл явдал юм.
Учир нь Хонконг, Шинжаантай холбоотой шүүмжилсэн мэдэгдлийнх нь төлөө Хятадын эрх баригчид 2020 онд түүнд хилийн хориг тавьж байжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр Хятадын тал энэ айлчлалын үеэр Рубиог хоригоос чөлөөлөхийн тулд түүний овог нэрийг нь бичдэг ханз үсгийг сольсон гэнэ.
Эх сурвалж: Fox News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
