ЦУОШГ: Хавар салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол сард 5-7 удаа ихэвчлэн 12:00-15:00 цагийн хооронд ажиглагддаг

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол орны хаврын улирлын онцлогийн талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас дараах баримтуудыг мэдээллээ. 

Хавар цаг агаарын байдал тогтворгүй, агаарын температур түргэн нэмэгдэж өдөртөө дулаан, шөнөдөө хүйтэн нэг хоногийн дотор халуун хүйтний хэлбэлзэл их байдаг онцлогтой. 

Хаврын улиралд дундад өргөргийн өндрийн фронтын бүс манай нутаг дээр байрлах үед хоёр өөр төрлийн агаарын массын температурын зөрүү их болох тусам даралтын шатлуур ихсэж улмаар эрс дулаарах, хүйтрэх, хүчтэй салхи шуурга шуурах нөхцөл бүрддэг байна. 

Монгол орны нутагт ажиглагдаж буй бүх хүчтэй салхины 50 хувь нь, шороон шуурганы 61 хувь нь  3-5 дугаар сард ажиглагддаг байна. Хүчтэй салхины 20 гаруй хувь нь 12:00-15:00 цагийн хооронд ажиглагддаг. Хавар салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол сард 5-7 зарим жилд 10-15 удаа тохиолддог байна.

2021 оны хавар хүчтэй салхи болон цасан шуурганы улмаас 706 хүн төөрч сураггүй болж байжээ

Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины хамгийн их хурд 1987, 1991, 2000, 2002, 2008, 2011-2016 онд баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говь, тал, хээрийн нутгаар 28-34м/с, 2002 онд Өвөрхангай, Өмнөговийн зарим нутгаар 40 м/с хүрч онц хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байжээ.

2021 оны гуравдугаар сарын 15 

Хамгийн сүүлийн жишээ нь 2021 оны гуравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд монгол орны нийт нутгийг хамарсан хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурч байгаль цаг уурын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдаж улс нийгэмд хоёр тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Тус гамшигт үзэгдлийн үеэр 12 аймгийн 51 суманд нийт 706 хүн төөрч сураггүй болж байсан байна.