Өчигдөр буюу Баасан гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн мэндэлсэн газар болох Кривой Рог хот Оросын баллистик пуужингийн цохилтод өртөх үеэр 16 энгийн иргэн алагдаж, 50 гаруй хүн шархаджээ.
Амь үрэгдсэн хүмүүсийн зургаа нь хүүхэд байсныг Украины эрх баригчид мэдээлсэн байна.
Зеленский амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд “Олон хүн шархдаж, орон сууцнууд сүйрлээ. Пуужин орон сууцны дэргэдэх хүүхдийн тоглоомын талбай, гудамжинд туссан байна” гэж хэлжээ.
Оросын тал өчигдөр Херсон мужийн нутагт оршдог цахилгаан станцад нисгэгчгүй онгоцоор довтолсныг тэр бас мэдээлсэн байна.
“Энэ бол санамсаргүй тохиолдол биш. Оросууд энд эрчим хүчний байгууламж байгааг мэдэж байсан. АНУ-ын талд өгсөн амлалт ёсоор бол Оросууд ийм байгууламжуудад халдах ёсгүй” гэж Зеленский хэлжээ.
ОХУ-ын батлан хамгаалах яам Кривой Рог хотод болсон үйл явдлыг Украины командлагчид болон Өрнөдийн сургагчдын уулзаж байсан ресторанд өгсөн “өндөр нарийвчлалтай цохилт” гэж Телеграм хуудсаараа мэдээлсэн байна.
“Цохилтын үр дүнд дайсны тал 85 алба хаагч, офицероо алдсаны дотор гадаадын иргэд байсан. Бас 20 хүртэл тооны автомашиныг устгалаа” гэж дээрх мэдэгдэлд өгүүлжээ.
Кривой Рог бол Украины төв бүсийн Днипропетровск мужид, дайны фронтын шугамаас 60 км зайд оршдог хот юм. Дайны өмнө 600,000 орчим оршин суугчтай байсан аж үйлдвэрийн энэ хотод ерөнхийлөгч Зеленский мэндэлжээ.
Өчигдөр Брюссель хотод үргэлжилж буй НАТО-гийн гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энхийн яриа хэлэлцээг сунжруулах Оросын урхинд ерөнхийлөгч Трамп унахгүйг холбоотнууддаа амласан байна.
“Бид ойрын хэдэн долоо хоногт, сар хүрэхгүй хугацаанд Оросын тал үнэхээр дайныг зогсоох хүсэлтэй байгаа эсэхийг мэдэх болно” гэж тэр хэлжээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
671 СЭТГЭГДЭЛТЭЙ
|