Г.Батзориг: Тэтгэврийн реформ хийх нь баялгийн шударга хуваарилалт бий болгоно

ikon.mn
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Манай энэ удаагийн зочноор Мандал Ассет Менежментийн гүйцэтгэх захирал Г.Батзориг оролцож байна.

- Монголд цөөхөн гэр бүл баялгийн ихэнх хувийг бүрдүүлдэг гэж ярьдаг. Яг ямар үзүүлэлтээр хардаг вэ?

- Иргэд, ААН, төр гэх оролцогчтой эдийн засгийн систем юм. Жил бүр тодорхой баялаг бүтээдэг. Бүтээсэн баялгаа яаж хуваарилж буйг нь Дотоодын нийт бүтээгдэхүүн гэх үзүүлэлтээр хэмждэг. Энэхүү баялгийн бялууны 30 орчим хувь нь ажилчдын цалин хөлс, 50 гаруй хувь нь компанийн ашиг болдог. Тэгвэл ажилчдын цалин хөлс АНУ-д 60 хувь, хөгжиж буй орнуудад 50 хувьтай байдаг. Тэгэхээр энэ ялгаанаас бид баялаг яаж хуваарилагдаж буйг энгийнээр харах боломжтой. Цаашлаад хэрэглээ, хадгаламж, хөрөнгө гээд олон зүйлсээр хэмжиж болно л доо. Жишээ нь, хадгаламжтай иргэдийн 3%-нь нийт хадгаламжийн дүнгийн 75%-г эзэмшдэг. Энэ бол маш өндөр төвлөрөл юм.

- Тэгвэл энэ хэвээрээ яваад байвал юу болох вэ?

- Сүргээр амьдардаг амьтад шударга бус байдлыг тэвчдэггүй. Сармагчин дээр хүртэл туршилт хийсэн байдаг. Та шударгаар ажиллаж, амьдарна. Үр хүүхдээ өсгөнө. Амьдрал төдийлөн дээшлэхгүй. Гэтэл таны таних нэг хүн амар хялбараар баяжчихдаг. Нүдэн дээр эдэлж хэрэглэж буй зүйл өөрчлөгдөж эхлэхэд тэр хүн шударга ёсыг хайж эхэлнэ. Энэ үйл явцыг хүмүүс ажигласаар л байдаг. Цаана нь бол нийгэмд баян, хоосны ялгаа огцом нэмэгдээд буй хэрэг. Энэ их хуримтлагдсан бухимдал тэсэрч, нийгмийн тогтворгүй байдлыг үүсгэдэг. Эрх баригч, өнгөтэй өөдтэй хэсэг нь зугтан алга одно. Энэ бол таамаглал биш, зүй тогтол.

Манайхаас урд алхаж буй болон ижил, төстэй Зимбабве, Шри Ланк, Аргентин, Венесуэл, Грек зэрэг улсуудад иймэрхүү л зүйл тохиолдсон. Тэгэхээр ядаж баялгаа шударга хуваарилах нь хамтдаа дээшлэх боломжийг олгох юм. Тод жишээ нь Норвеги, Дани зэрэг улсууд байна.

- Тэгвэл баялгийн шударга хуваарилалт гэхээр манайх нэг ордыг ард түмний өмч болгох эсвэл тэрхүү мөнгөнөөс нь зээл тэглэх арга хэмжээ авдаг. Зарим нь бүр хөрөнгө хураах тухай ч ярьдаг. Баялгийн шударга хуваарилалтыг хэрхэн хийх вэ?

- Өнөөгийн эдийн засгийн систем гэр бүлийн компанийг бус хувьцаат компанийг дэмждэг онцлогтой. Америкийн Fortune 500 компанийн 87 хувь нь хувьцаат компани. Хувьцааны дийлэнхийг нь Америкийн иргэд тэтгэврийн сангаараа авчихсан байдаг. Солонгосын том корпораци Самсунгийг үүсгэн байгуулагч Ли-н гэр бүл 7 хүрэхгүй хувь эзэмшдэг. Тэгвэл дийлэнх хувьд нь Солонгос иргэдийн тэтгэврийн сан хөрөнгө оруулсан байдаг. Ингэж байж тус компани хэдэн зуун жилийн настай, улс төрийн дарамтад орохгүй, олон мянган хувьцаа эзэмшигчээр хамгаалуулж, цаашдын үндэстэн дамнасан корпораци болж байгаа юм.

Гэтэл Монголд топ 100 компанийн 80 хувь нь хаалттай, гэр бүлийн эзэмшилтэй компаниуд байдаг. Эдгээр компаниуд гал, усны аюулыг туулан байж өдийг хүрсэн. Цаашид ийм хүнд замаар явахыг хэн ч хүсэхгүй. Хэрвээ боломж байвал олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилжаалж, компаниа улам томруулах л сонирхол бий. Гэвч Америк, Солонгос шиг эдгээр компаниудыг худалдаад авах тэтгэврийн сан нь манайд алга. Эндээс л тэтгэврийн реформ хийх шаардлага гарч ирж байгаа юм.

- Одоогоор тэтгэврээ ч тавьж чадахгүй байгаа тэтгэврийн систем шүү дээ. Яаж тэр их мөнгийг гаргах вэ?

- Тэтгэвэр гэдэг бол хүний амьдралын 2 дахь үе. Өнөөдөр гудамжинд явж байгаа 10 хүн тутмын 8-нь залуу хүмүүс байна. Удахгүй хүн амын насжилт нэмэгдэнэ. Тэр үед сарын цалингийн 35 хувьтай тэнцэх тэтгэвэр аваад сууж байж таарахгүй.

Тэтгэвэр реформ хийснээр цалингийн 85 хувиар тэтгэвэрт гарах боломжтой.

Реформ гэдэг нь одоо төлж буй НДШ-с ядаж 1-2 хувийг хувь хүний нэр дээр хуримтлуулах тухай юм. Тэрхүү хуримтлал нь дээр ярьсан Монголын топ 5, 10 компанид хувь эзэмшдэг байж болно. Тэрхүү компани олон улсад гарч, үндэстэн дамнасан корпораци болоход тэр үр өгөөжийг эзнээс гадна ард иргэд давхар хүртэх тийм л механизм юм.

Жишээ нь, ЭТТ-н 1072 хувьцаа бол муу ч, сайн ч Монголын ард иргэд эзэмшиж байгаа компани юм. Жилд ногдол ашиг тарааж, өгөөжөө авсаар л байна. Үүн шиг 10, 20 компани байвал яах вэ гээд төсөөлөөд үзэх хэрэгтэй.

- Танай компани дээр хувийн тэтгэврийн санг үүсгээд явж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Бид Тэтгэврийн реформ хийх тухай олон жил ярьлаа. ТББ- ч байгуулсан, холбогдох хуулийн төслүүдээ ч бэлдсэн. Гэхдээ хараахан үр дүнд хүрч чадахгүй байна. Тиймээс 2021 оноос хувийн тэтгэврийн санг үүсгэх, дэд бүтцийг бэлдэх ажлыг эхлүүлсэн. Өнөөдөр Мандал Ассет нь 110 мянган хөрөнгө оруулагчийн 500 орчим тэрбум төгрөг удирдаж байна. Манай хамгийн их танигдсан мандал хуримтлал апп бол хүмүүс хувьдаа тэтгэврийн хуримтлал үүсгэх том дэд бүтэц юм. Өдгөө сая гаруй хэрэглэгчтэй. Мандал хуримтлал апп-н ачаар хүмүүс 1 жилээр хадгалдаг бус 3 жилээр хөрөнгө оруулж чаддаг болж, санхүүгийн чадамж сайжирч байгаад би хувьдаа баяртай байдаг.

- Ярилцлага өгсөн баярлалаа. Танд нэмж хэлэх зүйл юу байна вэ?

- Баярлалаа. Цаашид ч бид бүхэн Монголд тэтгэврийн санг үүсгэхийн төлөө, реформ хийхийн ажилласаар байх болно. Учир нь Монголын хойч ирээдүй баялгаа шударга хүртдэг байх тэр суурийг тавих нь бидний үүрэг, хариуцлага юм. Үүнийг хэн нэгэн гаднын хүн ирээд бидний төлөө хийж өгөхгүй. Санхүү, хөрөнгийн захын төлөөлөл болсон бид л хийх ёстой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.