Үл таних, сэжигтэй QR код, линкийг гар утсаараа уншуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа
Олон нийтийн газрууд болох орон сууцны хороолол, барилга байгууламж, сүлжээ дэлгүүрийн орчин, банкны автомат төхөөрөмж байрлах хэсэг, автомашины зогсоол, тоглоомын талбай зэрэг хяналтын камерын хяналт сул байршлуудад сэжиг бүхий QR код, бичиглэл байрлуулах тохиолдол илэрсэн.
Эдгээр QR код, цахим холбоос нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хууль бус сурталчилгаа, борлуулалтын суваг байх эрсдэлтэй тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя.
Дээрх гэмт хэрэг, зөрчилтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас холбогдох чиг үүргийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, эх сурвалжаас авсан мэдээлэл болон хяналтын камерын бичлэгт дүн шинжилгээ хийж, холбогдох этгээдүүдийг тогтоох, таслан зогсоох ажиллагааг явуулж байна.
Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудад хууль бус QR код, бичиглэл, наалтыг нэн даруй арилгах, дахин байрлуулах нөхцөлийг бүрдүүлэхгүй байх чиглэлээр мэдэгдэл, зөвлөмж хүргүүлэн урьдчилан сэргийлэх, мэдээлэх ажлыг тогтмол зохион байгуулна.
Иргэн таны өгсөн мэдээллийн нууцлалыг бүрэн хангах болно. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэн таны оролцоо чухал гэж Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

