2023 оны дунд үеэс хойш Орос улс анх удаагаа Украинд эзэлсэн газар нутгаасаа буцаан алджээ
2023 оны зун Украины явуулсан сөрөг довтолгооноос хойш анх удаагаа Орос улс өнгөрсөн сард эзэлсэн газар нутгаасаа алдсаныг Вашингтонд төвтэй ISW (Institute for the Study of War) хүрээлэнгийн судалгаа харуулжээ.
Тухайлбал гуравдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд Оросын арми 120 хавтгай дөрвөлжин километр газар нутгийг Украины талд алдсан байна.
2025 оны сүүл үеэс Оросын армийн давшилт удааширч, фронтын шугамын шилжилт хөдөлгөөн үндсэндээ зогсонги байдалд орсон юм.
Үүнд Оросын армийн дотоод харилцаа холбоо суларсан нь нөлөөлсөн гэж үзсэн байна. Сүүлд Украины нисгэгчгүй онгоц ашигласан сөрөг довтолгоонууд эрчимжсэн нь эзэлсэн газар нутгаасаа алдахад хүргэжээ.
“Украины дунд тусгалын цохилтууд эрчимжсэн, 2026 оны хоёрдугаар сард Старлинк терминалуудыг хэрэглээг зогсоосон, Кремлиэс Телеграмыг хязгаарласан нь Оросын армийн дотоод асуудлуудыг улам хүндрүүлсэн” гэж ISW-ийн тайланд өгүүлсэн байна.
Гэсэн хэдий ч Украины чөлөөлсөн газар нутгийн дөрөвний гурав орчимд Оросын цэргийн тархай бутархай хүчнүүд байсаар байгааг уг тайланд дурджээ.
Үүнээс гадна дулааны улирал ирж, хөлдсөн газар гэссэнтэй холбоотой механикжсан хөдөлгөөнийг хүндрүүлсэн нь Оросын давшилт удаашрах бас нэг хүчин зүйл болсон гэж тайлбарласан байна.
Дөрөвдүгээр сард Украины арми фронтын шугамын олон чиглэлд давшсаны үр дүнд Запорожье, Харьков, Донецк гурван чиглэлд тус бүр 40 орчим хавтгай дөрвөлжин километр газар нутгийг буцааж авсан гэнэ.
Оросын тал ч бас энэ хугацаанд гол хүчээ Донецк мужийн Краматорск чиглэлд төвлөрүүлсний үр дүнд нэлээд хэдэн хавтгай дөрвөлжин километр газар нэмж эзэлсэн байна. Гэхдээ алдсан, олж авсан газар нутгийн хэмжээг харьцуулбал үр дүн Украины талд илүү байгааг судалгаа харуулжээ.
Украины чөлөөлсөн газрын хэмжээ нийт нутаг дэвсгэрийнх нь 0.02 хувьтай тэнцэж байгаа юм байна. Харьцуулбал Оросын тал тус улсын нийт нутаг дэвсгэрийн 19 гаруй хувьтай тэнцэх газрыг хянаж байгаа.
Үүний 7 хувь нь 2014 онд хүчээр булаан эзэлсэн Крымийн хойг юм.
ISW хүрээлэн энэ тооцооллыг боловсруулахдаа АНУ-ын өөр нэг судалгааны байгууллага болох Critical Threats Project of the American Enterprise Institute хүрээлэнтэй хамтарсан байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

