Цахилгаан станцын хамгаалалтын зурваст байгаа 10 байрыг буулгах зардлыг нийслэл хариуцахаар шийдвэрлэжээ

Д.Янжиндулам, ikon.mn
21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр Баянгол дүүргийн зарим хорооны нутаг дэвсгэрээр явж, Гандангийн гудамжийг тохижуулах, цэцэрлэг, явган хүний болон авто зам нэмж барих, хайс байршуулах, хуучин барилгуудыг нурааж цэцэрлэгт хүрээлэн болгох, цахилгаан станцын бүсэд байгаа хуучны байрнуудыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр буулгахаар болжээ.

  • Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчимд 160 нэгж талбарыг чөлөөлж Улаанбаатар хотын хамгийн том ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 130 нэгж талбарыг чөлөөлжээ. Өнөөдөр эхний ээлжид чөлөөлсөн 55 нэгж талбарын гурван эгнээ гудамжны газрыг “Рио Тинто” группт хүлээлгэн өгч, тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд энэ онд багтаан Парк шиг төлөвлөлттэй тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлнэ.
     
  • 1800-аад оноос хойш суурьшсан Гандан орчмын айл өрхүүдийг үе шаттайгаар газарт хамруулж, чөлөөлөн, Улаанбаатар хотын төвд хамгийн том цэцэрлэгт хүрээлэн бүхий өндөрлөг дэнжийг бий болгох, Гандангийн түүх, соёлын өвийг хадгалан үлдэх зорилготой тогтоолын төслийг НИТХ-д өргөн барина. Цаашид Ганданг тойрсон үл хөдлөх хөрөнгийг үе шаттайгаар нийслэл худалдаж авна. Өнгөрсөн жилийн төлөвлөгөө бүрэн хэрэгжсэн. Энэ жилийн төлөвлөгөөнд хамрагдсан айл өрхүүдийн нэлээд хэсгийг чөлөөлж байна.
     
  • Өнгөрсөн онд Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт олон улсын хөтөлбөртэй “Эрин эверест интернешнл” сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авч, улсын сургууль болгосон. Харин энэ жил Эрингийн баруун талын объектыг түрээслээд дараа жил худалдаж авах нөхцөлтэй улсын цэцэрлэг болгох хэлэлцээр хийнэ. Эрин хороолол орчимд авто замын зогсоол, авто замыг бүхэлд нь барьж байгуулна.

    Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Алтай хотхон”, “Голден Парк”, “Нарны хороолол” гээд нягтшил ихтэй гурван байршилд сургууль хүрэлцээгүй байна. Эдгээр байршилд сургуулийн барилгын ажлуудыг эхлүүлж, ирэх жил ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Тулгамдсан асуудлуудыг шийдэж, бүтээн байгуулалтын улиралд барилгын ажлыг эхлүүлнэ. 2027 оны сүүлээс Баянгол дүүрэгт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг бүрэн шийднэ. Сургуулиуд хоёр ээлжээр хичээллэнэ. НИТХ, НЗДТГ-аас 2028 онд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэхээр зорьж байна.
     
  • Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Эрин хороолол орчмын хоёр байршилд авто зам барихаар төлөвлөсөн. Ерөнхий боловсролын 184-р сургууль буюу хуучнаар “Эрин эверест интернэшнл” сургуулиас хойш Энхтайвны өргөн чөлөө хүртэл хоёр эгнээ бүхий 90 метр авто зам барина. Авто замын хоёр талд явган хүний зам барихаас гадна гэрэлтүүлэг хийх юм. Тус авто замыг барих гүйцэтгэгч шалгарсан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг ирэх зургаадугаар сарын сүүлээр эхлүүлнэ. Түүнчлэн Эрин хорооллоос урагшаа, төмөр замын хойд талаар авто зам барих зураг төслийг эцэслэхээр зөвшилцөж байгаа юм.
     
  • Явган хүний замын хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд ерөнхий боловсролын 184 дүгээр сургуулиас Гурвалжингийн гүүр рүү нэвт гардаг авто зам дагуу 200 метр эгнээ тусгаарлагч хайсыг байршуулна. Үерийн хамгаалалтын далан дээгүүр явган хүний зам барихаар болсон.
     
  • Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замчдын байр орчмын тоосгон гараашийг  буулгаад эхэлжээ. Харин ашиглалтын шаардлага хангахгүй барилгын эзэмшигчтэй зах зээлийн ханшаар нь тохиролцож, газрыг чөлөөлөх хүсэлтэй байна. Олон жил болсон энэ байшин нурах дөхсөн, хогийн цэг үүссэн, хүмүүс хоног төөрүүлж, хэрэг зөрчил ч гарах болжээ. Энд шинээр байшин барих боломжгүй, барилга хоорондын зай стандартад нийцэхгүй байна. Тиймээс газрыг нийтээр нь чөлөөлөөд нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж хийнэ. Энэ барилгыг Гандирс гэж компани эзэмшдэг бололтой. Эзэмшигчтэй холбогдож, саналаа хүргүүлнэ.
     
  • Баянгол дүүргийн 20 дугаар хороонд станцын хамгаалалтын зурваст өртөж байгаа гурван байр бий. Энд 42 айл амьдардаг. Тус байрууд 70 жилийн өмнө баригдсан бөгөөд дахин төлөвлөлтөд оруулахаар шийдвэрлэж, 26 удаа сонгон шалгаруулалт зарласан боловч сонирхогч байхгүй байсан. Тиймээс хамгаалалтын зурваст багтсан энэхүү гурван байрны асуудлыг Энхжингийн 7 байранд нэмж 261 айлын төсөл болгож, нийт төслийн талбай дахь 10 байрыг буулгах зардлыг нийслэл хариуцахаар шийдвэрлэлээ хэмээн мэдээлсэн юм.
Харин хотын дарга нийслэлийн есөн дүүргээс Баянгол дүүргийг онцолж, ирээдүйн төлөвлөлт ярихаасаа илүүтэй бусад дүүргийн нутаг дэвсгэрээр явж байгалийн чулуун хавтангаар шинэчилж буй явган хүний зам, авто замын засвар, арчлалт болон нийтийн эзэмшлийн талбайн тохижилт зэрэг татвар төлөгчдийн мөнгийг тэрбумаар нь зарцуулж байгаа бүх бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлд анхаарлаа хандуулах шаардлагатайг олон нийт харуулж байна.