Г.Очбаяр: Гандангийн суурьшлын бүсийг цэцэрлэгт хүрээлэн болгоно гэдэг бол анхны түүхэн дүр төрхийг нь устгаж байгаагаас өөрцгүй
"Гандангийн дэнж хүрээний сүүлчийн суурьшил өнгөрснөөс ирээдүйд" сэдэвт хэлэлцүүлгийг Монголын Архитекторуудын ордонд өнөөдөр зохион байгууллаа.
Сүүлийн үед Гандан орчмын бүсийг нийтийн эдэлбэрийн зориулалтаар өөрчлөх асуудал хөндөгдөж байгаатай холбогдуулан түүхэн дурсгалт газрын хадгалалт хамгаалалт, ашиглалтын талаар нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Энэ үеэр "Гандангийн түүх ба соёлын түүхэн орон зай: Үнэт зүйлээ хамгаалах нь" сэдэвт илтгэлийг Хотын түүх судлаач Г.Очбаяр танилцуулсан юм.
"Бид нар намын талцлаас болж өв соёлоо устгах юм уу"
Түүнээс нөхцөл байдлыг тодруулахад "Манай Улаанбаатар хотод соёлын өвөө авч үлдэх ажил маш хайнга явагддаг. Ихэнх тохиолдолд дандаа устгасан байдаг. Бидэнд одоо Богдын хүрээний үеийн 25-хан дурсгал үлджээ. Долоон сүм хийд, 15 барилга, гурван хөшөө.
Өөрөөр хэлбэл Гандангийн суурьшлын бүсийг устгана гэдэг бол энэ суурьшлын бүсэд байгаа модон архитектур, хүрээ байшин, гэр, гудамжийн бүтэц, барилга байшингуудыг устгана гэсэн үг.
Гандангийн суурьшлын бүсийг бид тэр чигт нь авч үлдэх хэрэгтэй. Хотын төвд баас шээстэй орчин байгаад байна гэж Ганданг шүүмжилж байна.
Гэр хороолол ч Гандан шиг л байна шүү дээ. Гэтэл яагаад Гандангаас ичээд байгаа юм бэ?
Нөгөө талаас мөнгө л байвал Гандангийн 55 га газрыг хуучин дүр төрхөөр нь сэргээж чадна. Энэ бол ямар ч асуудалгүй.
Гол нь манай дарга нар үүнийг хэрэгжүүлдэггүй. Нам болоод талцаад байдаг. Өмнөх намынхан зураг төсөл гаргасан учраас бид нар үүнийг хэрэгжүүлэхгүй гэх мэтчилэн шал өөр юм ярьдаг.
Манай Улаанбаатар хотыг удирдах систем огт байхгүй, бодлого байхгүй байна. Бодлого гаргасан ч түүнийгээ үргэлжлүүлж хэрэгжүүлэхгүй байна. Нэг дарга нь гарч ирээд шал өөр юм ярьдаг. Өмнөх хийсэн бүх юмаа үгүйсгэдэг ийм байдал руу орчихсон.
Бид нар намын талцлаас болж өв соёлоо устгах юм уу" гэлээ.
Аудиог дарж бүрэн эхээр нь сонсоно уу
"Гандантэгчэнлин хийдийг суурьшлын бүстэй нь хамт үлдээх шаардлагатай"
Мөн "Гандангийн суурьшлын бүсийг V Богд Жавзандамба хутагт анх суурьшлын бүстэй нь хамт 1838 онд Их Хүрээний баруун хэсэгт буюу Далхын дэнж дээр байгуулсан. Тэр цаг үеэс хойш өнөөг хүртэл хадгалагдаж үлдсэн орон зай юм.
Гандантэгчэнлин хийдийг тойрсон суурьшлын бүс нь ерөнхий том агуулга, бүтцээрээ Монголын түүхэн орон зайн бүтэц болж өгдөг. Өөрөөр хэлбэл 2000 жилийн өмнө Хүрээ хэмээх бүтцийг хэрэглэж байсан. Харамсалтай нь 1937 оны хэлмэгдүүлэлт, хядлагаар лам нарыг болон сүм хийдүүдийг устгасан.
Нөгөө талаасаа 1980-аад оны сүүлээс өнөөг хүртэл Гандантэгчэнлин хийдийн хуучны Хүрээ бүтцийг хадгалсан дэнж байгуулна хэмээх төлөвлөлтүүд гарсан байдаг. Одоо ч хүчинтэй хэвээр. Үүнийг тэс өөр агуулгаар байгуулна гэдгийг эсэргүүцэж байна" хэмээн хэллээ.
Хэн нэгэн дарга гарч ирээд "Би энэ газрыг цэцэрлэгт хүрээлэн болгоно" гэж хэлж болохгүй
Үргэлжлүүлэн "Гандантэгчэнлин хийд болон Гандангийн дэнжийг тэр чигт нь хамгаалалтад авчихсан. 2001 оны Засгийн газрын 96 дугаар тогтоолоор Гандангийн бүсийг Тасганы овоо болон Гэсэр сүмтэй хамт 58 га талбайд хамгаалалтын бүс тогтоосон байдаг.
Соёлын өвийг хамгаалах хуулиар хамгаалалтын бүс тогтоосон бол дурсгалт газар хэмээн үзнэ. Анхны дүр төрхийг нь өөрчлөхгүйгээр ашиглана хэмээн хуульд маш тодорхой заасан байгаа.
Гандангийн суурьшлын бүсийг устгаад цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэдэг бол анхны түүхэн дүр төрхийг нь устгах гэж байгаагаас өөрцгүй.
Нөгөө талаас Гандантэгчэнлин хийд болон дэнжийг анх суурьшлын бүстэй нь хамт V Богд Жавзандамба хутагт 1838 онд байгуулсан. Гэтэл өнөөдөр бид X Богдын үед амьдарч байна.
V Богдын байгуулсан Гандангийн суурьшлын бүсийг Х Богдоос асуухгүйгээр шийдэж болохгүй.
Энэ асуудлыг X Богд шийдэх ёстой. Гэтэл X Богд хараахан насанд хүрээгүй байгаа учраас насанд хүртэл нь хүлээх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ бол Богдын байгуулсан түүхэн бүтэц, Богдын өв гэсэн үг.
Богдын оролцоо, шийдвэрийг харгалзахгүйгээр хэн нэгэн дарга гарч ирээд "Би энэ газрыг цэцэрлэгт хүрээлэн болгоно" гэж хэлж болохгүй. Хуулиараа ч, өв соёлоо бодсон ч ийм асуудал гаргаж болохгүй" гэлээ.
"Соёлын орон зайг устгаж, агуулгыг хумих гэж байна"
Асуудал: Ганданг цэцэрлэгт хүрээлэн болгох нь түүний шашин-соёлын агуулгаас соёлын агуулгыг устгаж буй үйл ажиллагаа юм.
- Суурьшлын бүс устаж байна.
- Түүхэн бүтэж эвдэрч байна.
- Агуулга өөрчлөгдөж байна.
- Соёлын орон зайг устгаж, агуулгыг хумих гэж байна.
Богдын бий болгосон суурьшил, хөрөнгө: Өмнөх Богдын байгуулсан Гандан хүрээг дараагийн Богдод уламжлуулан үлдээх нь манай төрийн үүрэг байх ёстой. Богд Жавзандамба хутагт бол Монгол үндэстний оюун санааны удирдагч
- V Богдын байгуулсан Гандангийн суурьшлын бүсийг X Богдоос асуухгүйгээр шийдэж болохгүй.
Алдаа: Нэг агуулгыг бүтээхийн тулд нөгөө агуулгыг эвдэж, устгах гэж байгаа нь маш том алдаа.
- Органикаар үүссэн орчин алга болно.
- Сүм хийд-лам нарын харилцаа тасарна.
- Гандан хийд дангаар "шалдан" үлдэнэ.
Дүгнэлт: Гандан, түүний суурьшлын бүс бол Улаанбаатар хотын амин сүнс юм.
- Сүүлчийн хүрээ бүтэц
- Шашин-соёлын нэгдмэл цогц агуулга
- Соёлын дархлаа, ой санамж
- Ирээдүйд үлдээх өв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



