Украины хүүхдийн эмнэлгийг бөмбөгдөх тушаал өгсөн Оросын генерал амь насанд нь халдах оролдлогын үеэр шархаджээ

Т.Давааням, ikon.mn
14 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Оросын агаарын зэвсэгт хүчний өндөр албан тушаалтан Саратов мужийн нутагт буудуулж, шархадсан тухай тус улсын хууль сахиулах байгууллага болон хэвлэлүүд Пүрэв гарагт мэдээлжээ.

Оросын Мөрдөн Байцаах Хорооны мэдэгдэлд өгүүлснээр Энгельс хотод “цэргийн алба хаагчийн амь насанд халдах оролдлого” гарсны дараа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Хэргийн газраас “галт зэвсгийн сум болон дайз” олдсоныг нэмж мэдээлжээ.

Шархадсан офицерыг нисдэг тэргээр Москва хотын эмнэлэгт хүргэснийг Коммерсант сонин хууль сахиулах байгууллагуудын эх сурвалжаас уламжлан мэдээлсэн байна.

Эрх баригчид буудуулсан офицер хэн байсныг мэдэгдэлдээ дурдаагүй бол зарим эх сурвалжуудын мэдээлснээр хохирогч нь Энгельс-2 агаарын баазын стратегийн бөмбөгдөгч онгоцны дивизийн командлагч, хошууч генерал Николай Варпахович байсан гэнэ.

ОХУ-ын батлан хамгаалах яам энэ талаар тайлбар өгөөгүй байна.

Варпаховичийг хувийн зуслангийн байрныхаа гадаа байх үед мотоцикль унаж, дуулга өмссөн этгээд бие, нүүрэнд нь хоёр удаа буудаад зугтсаныг албан бус эх сурвалжууд мэдээлжээ.

Энэ долоо хоногийн Даваа гарагт Украины хууль сахиулах байгууллагууд Варпаховичийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэснийг зарлаж байв.

Тухайлбал түүнийг 2024 оны долдугаар сард Киев хотын Охматдыт хүүхдийн эмнэлэгт пуужингаар довтлох тушаал өгсөн хэрэгт буруутгажээ.

Өчигдөр Энгельс хотод гарсан халдлагын талаар Украины тал ямар нэг тайлбар хийгээгүй байна.

Хэрвээ Варпахович хохирогч болсон нь батлагдвал сүүлийн бараг хоёр жилийн хугацаанд халдлагад өртсөн Оросын долоо дахь генерал болж буйг Оросын хараат бус мэдээллийн хэрэгсэл Медуза баталжээ.

 

Эх сурвалж: CNN