"ОТ-н ногдол ашиг ₮800 мянга очвол тэтгэврийн өвгөн үхрийн хаа авна. Энэ мөнгө дотооддоо эргэлдэж байгаа биз дээ"
"Оюу толгой" компаниас ирэх онд Монгол Улс ногдол ашиг авахаар тохиролцсон.
Хэдийгээр "Оюу толгой" компани баталгаажуулж мэдэгдээгүй ч Засгийн газар гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авна, түүгээрээ эрчим хүчний төсөл хөтөлбөрт хэрэгжүүлнэ гэж буй. Харин зарим нам, эвслийн гишүүд ногдол ашгийг иргэдэд бэлнээр тараах ёстой гэх байр суурийг илэрхийлж байна.
Тухайлбал Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн Л.Гантөмөр өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Татвар бууруулж байгаа гэж ярьж байгаа боловч татвар, торгууль төлбөрийг нэмэх зүйл рүү Засгийн газар улайран явах нь тодорхой болсон. Том дарамт болно. Жишээлбэл орон нутагт явахад цагдаа нар машин "буудаад" торгоод байна. Энэ нь сүүлийн үед нормтой болсон. Хэдэн машин торгож, хэдэн төгрөгийг улсын төсөвт оруул гэж байна.
Ингэснээр эдийн засгийн идэвхжил алга болно. Бизнес хийх, ажил хийх сонирхолгүй болно. Үр дүнд нь гаднаас баахан ажилтан авдаг болж байна. Завхан аймагт саяхан очиход хөдөөгийн гуанзанд гадаад хүмүүс 3-4-өөрөө тогооч хийж байна. Монгол хүнээ торгодог, хяхдаг, ажил хийх сонирхолгүй болгоод ажил хийх орон зайг нь гадаад хүмүүст гаргаж өгдөг. Барилга, үйлчилгээ гээд бүх салбарт нэвт орлоо. Монголчууд юу хийж амьдрах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Төсвийн үрэлгэн байдлыг бий болгосны үр дагавар нь энэ.
Бид хэлж шүүмжлэхээс илүүг хийх боломж алга. Иймд "Оюу толгой"-н ногдол ашгийг монгол хүнд өг гэдэг шаардлага тавьж байгаа. Үүнтэй холбоотой УИХ-ын тогтоол санаачилж байна. Би болон манай намынхан үүнд гарын үсэг зурж, Ардын намын гишүүд ч оролцоод явна гэж итгэж байна.
УИХ-ын тогтоол гаргаж нэгдүгээрт ард түмэндээ өгнө. Хоёрдугаарт "Оюу толгой", Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг ард түмэндээ өгөх ёстой. Зэсийн үнэ сайн байгаа энэ үед хувьцааг нь ард түмэндээ өгөхгүй бол борлуулалтын мөнгөөрөө элдэв зүйл эхлүүлээд үнэ унасан үед нөгөө хэд нь зогсчихдог. Ирэх жил Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой гээд компаниудын ашгаар гурван их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гээд байна. Гэтэл түүний дараа жил гурван их наяд төгрөгийн орлого орж ирэхгүй бол эхлүүлсэн ажлууд нь гацна. Зардал тэлэх хэмжээгээр бизнес эрхлэгчид дарамтад орно.
"Оюу толгой"-н 34 хувийг иргэддээ авч өгөхгүй бол дарга нарын гоёл болж хувираад, үр дүнд нь ард түмэн ядуурна. Шударга зарчим нь ард түмний өмч юм бол ард түмэнд хувьцааг нь өгье, ард түмэн хяналтаа тавиг. Жишээлбэл "Оюу толгой", Эрдэнэт үйлдвэрийн Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ)-д ард түмэн хүнээ сонгож оруул. Компани бүрийн ТУЗ-ийн гишүүдийн сонгуулийг бид парламентын, Ерөнхийлөгчийн эсвэл орон нутгийн сонгуультайгаа цуг хийж болно" гэлээ.
Харин ногдол ашгийг иргэдэд олгох саналынхаа тухай тэрбээр дэлгэрүүлэн тайлбарлахдаа "Ногдол ашгийн 51 хувь нь Хуримтлалын санд орж, 49 хувийг иргэдэд бэлнээр олгоно. "Эрдэнэс Тавантолгой"-н ногдол ашиг яаж иргэдэд очдог вэ, ялгаагүй л байх ёстой. Өнөөдөр Монголд 540,000 хүн банк, банк бус гээд банк бус дотроо 4-5 давхар зээлтэй. Энэ хүмүүсийн амьдрал зогсож байна. Аппликэйшний зээлийг зэрэг сууж байгаад 3-4 газраас авч болдог юм байна. Энэ доголдлыг ашиглаад 3-4 газраас зэрэг авсан байна. Гэтэл тэд төлбөрөө төлж чадахгүй амьдрал нь дампуурч байхад бид сайхан юм ярих боломжгүй байна. Дээрээс нь аймгийн төв, Улаанбаатарт амьдарч байгаа хөгшчүүд идшээ авч чадахгүй. 4 сая төгрөг гаргаад үхэр авдаг хүнгүй болсон. Иймд "Оюу толгой"-н ногдол ашиг 800 мянган төгрөг очлоо гэхэд тэтгэврийн өвгөн нэг гуя, үхрийн хаа худалдаж авна. Энэ мөнгө дотооддоо эргэлдэж байгаа биз дээ. Одоо байгаа үнийн өсөлтөд ард түмэндээ дэмжлэг өгөх хэрэгтэй" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
