Монгол дахь АНУ-ын ЭСЯ-ны шинэ барилгыг ирэх оноос барьж эхлэхээр төлөвлөжээ
Монгол Улсад Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны шинэ барилга барих төслөө эхлүүлж буйгаа АНУ-ын Төрийн Департамент мэдэгдэв.
Барилга угсралтын ажил 2027 оны хавар эхэлнэ. Уг барилгад дотоодын материал, ажиллах хүчийг ашиглах бөгөөд Монгол орны байгалийн онцлог шинж болох газар, ус, тэнгэрийн бэлгэдлийг шингээхээр төлөвлөж буй нь Монголын эдийн засгийг дэмжихээс гадна байгалийн дурсгалт өвийг нь хүндэтгэж буйн илрэл юм.
Бүс нутгийн түншлэлийг эрхэмлэдгээ илэрхийлж, шинэ байгууламжийн инженерийн шугам сүлжээний холбогдох гэрээг АНУ-ын Засгийн газар саяхан Монголын дотоодын гүйцэтгэгч компанид олгосон билээ. Элчин сайдын яамны үндсэн барилгын ажилтай уялдан тусдаа төсөл хэлбэрээр хэрэгжих энэхүү гэрээгээр шинэ байгууламжийг хотын инженерийн шугам сүлжээнд холбоход шаардлагатай талбайн гаднах дэд бүтцийн ажил багтана.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган “АНУ-ын Элчин сайдын яамны шинэ барилгыг барих нь Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын хоорондын бат бэх харилцааны ач холбогдлыг онцлон харуулж буй чухал үйл явдал” гэж тэмдэглэн хэлээд “Бид Монгол Улсын стратегийн гуравдагч хөршүүдийн нэг гэдгээрээ бахархалтай байдаг бөгөөд Элчин сайдын яамны шинэ барилга түншлэлээ гүнзгийрүүлэх бидний тууштай байр суурийг харуулна” хэмээжээ.
Элчин сайдын яамны шинэ байгууламжийн бүтээн байгуулалт нь Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын хоорондын урт удаан, харилцан ашигтай харилцааны тод илрэл юм. Уг бүтээн байгуулалт нь Монголын ард түмэнтэй урт хугацаанд хамтран ажиллах тууштай эрмэлзлийг илэрхийлж, дипломатын, эдийн засгийн болон соёлын харилцааг хойч үеийнхэнд зориулан улам бэхжүүлэхэд чиглэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

