Зураг
Зураг

Их Британийн ерөнхий сайд нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо чихэвч хэрэглэдэггүй хүмүүстэй тэмцэх аян эхлүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Их Британийн ерөнхий сайд Энди Бернхэм нийтийн тээврээр зорчихдоо чихэвч хэрэглэлгүй, чангаар хөгжим эсвэл видео тоглуулдаг хүмүүстэй тэмцэх арга хэмжээ авах төлөвлөгөөгөө зарлажээ.

Тэрбээр галт тэрэгний дотор орчинд зорчигчдод "амьсгаа авах орон зай" (тайван орчин) бүрдүүлж өгөхөөр амласнаа ийнхүү өргөжүүлж байна.

Даваа гарагаас нийтийн тээврийн хэрэгсэлд бусдад саад учруулсан үйлдэл гаргагчдын эсрэг аян эхлэх бөгөөд үүний хүрээнд орон нутгийн тээврийн байгууллагууд дүрэм зөрчигчдөд 100 хүртэлх фунт стерлингийн торгууль ногдуулах эрхтэй болжээ.

Ингэснээр Бернхэм олон нийтийн газар чангаар видео эсвэл хөгжим тоглуулдаг хүмүүсийн эсрэг арга хэмжээ авахаа амласан улс төрийн өндөр албан тушаалтнуудын эгнээнд нэгдэж байна. Сонгогчдын 60 орчим хувь нь энэхүү санаачилгыг дэмжиж байгаа аж.

Бернхэм мэдэгдэлдээ "Бид бүгд л галт тэргэнд явж байхдаа хэн нэгэн утсан дээрээсээ хөгжим эсвэл видеог чангаар тоглуулж байгаатай таарч байсан байх. Энэ нь хүний ​​уурыг хүргэж, аяллын таатай уур амьсгалыг тэр дор нь үгүй ​​хийдэг.

Тиймээс бид галт тэргэнд зорчигчдод чихэвч хэрэглэхийг сануулах үндэсний хэмжээний аян эхлүүлж байна. Үүнээс гадна, бид орон нутгийн удирдлагуудад автобусан дотор чанга хөгжим тоглуулах, электрон тамхи татах, хог хаях зэрэг зөрчлүүдтэй тэмцэх шинэ эрх мэдлийг олгож байна.

Энэ бол энгийн зүйл мэт боловч бид бүгдийн аяллыг арай илүү таатай болгох алхам юм" гэжээ.

Энэхүү төлөвлөгөөний дагуу сайд нар орон нутгийн тээврийн байгууллагуудад "Автобусны үйлчилгээний тухай хууль"-иар олгогдсон шинэ эрх мэдлээ хэрхэн ашиглах талаар зааварчилгаа өгөх юм. Уг хууль нь тэдэнд тээврийн хэрэгсэл доторх өөрсдийн дүрмийг тогтоох, мөрдүүлэх боломжийг олгодог.

Зааварчилгад дурдсанаар хэрэв автобусны зорчигч бусдад саад учруулж буй үйлдлээ зогсоох шаардлагыг биелүүлэхээс татгалзвал холбогдох байгууллагууд 100 хүртэл фунт стерлингийн торгууль ногдуулах ёстой аж.

Албаны хүмүүсийн мэдээлснээр жолооч нар эдгээр дүрмийн хэрэгжилтийг хангах үүрэг хүлээхгүй бөгөөд энэ ажлыг тээврийн аюулгүй байдлын ажилтнууд эсвэл цагдаагийн алба хаагчид хариуцах гэнэ. Галт тэрэгний үйлчилгээ үзүүлэгч компаниуд ижил төстэй зөрчилд 1,000 хүртэлх фунт стерлингийн торгууль ногдуулах эрх мэдэлтэй аль хэдийн болсон байдаг.

Лондон хотын дарга Садик Хан өнгөрсөн зун зорчигчдод чихэвч хэрэглэхийг уриалсан “найрсаг аялах” кампанит ажил зарлаж байв.

Либерал Ардчилсан намын хууль тогтоогчид ёс бус үйлдэл гаргасан автобусаар болон галт тэргээр зорчигчдыг 1,000 фунт стерлингээр торгодог болохыг уриалж байгаа.

Улс төрчид ийнхүү ач холбогдол өгч, анхаарал хандуулах болсон нь нийтийн тээврийн чимээ шуугиан Британийн ард түмний хувьд бухимдлын томоохон эх сурвалж болж байгааг харуулж байна.

YouGov-ийн саяхны санал асуулгад оролцсон сонгогчдын олонх нь автобус, галт тэргэнд чанга хөгжим тоглуулж байгаа хүмүүсийг 1,000 фунт стерлингээр торгохыг дэмжихээ илэрхийлжээ. Үүнтэй ижил өөр нэг судалгаанд оролцсон сонгогчид өөрийг нь хамгийн их цочроох гурван хүчин зүйлийн нэгээр утасны чанга яригчаар ярьж буй хүмүүсийг нэрлэсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian