Зураг
Зураг

Монгол-Германы харилцаа, хамтын ажиллагаа: Өнгөрсөн, одоо, ирээдүй

Редакцын бус нийтлэл
0 минутын өмнө
Редакцын бус нийтлэл
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс ба Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын харилцааны талаар Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль(ХИС)-ийн ахлах багш, доктор П.Мягмардоржийн бичсэн өгүүллийг хүргэж байна. 



Хоёр улсын улс төр, дипломат харилцааны түүх 1974 оны нэгдүгээр сарын 31-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтсон үеэс эхтэй. Үүнээс өмнө 1950 онд Монголын тал Зүүн Герман буюу БНАГУ-тай дипломат харилцаа тогтоож хоёр тал боловсрол шинжлэх ухаан, худалдаа эдийн засгийн харилцааг өргөн хүрээнд хөгжүүлж ирсэн байдаг. Харин 1990 оны аравдугаар сарын 3-нд Германы хоёр улс нэгдэж олон улсын эрх зүйн нэг субъект болсноор Монгол-Германы харилцаа шинэ шатанд гарсан гэж үзэж болно.

Монгол-Германы харилцааг зөвхөн хоёр улсын дипломат харилцаа тогтоосноос хойших он жилүүдээр хэмжих нь учир дутагдалтай. Германы Гадаад Хэргийн Яамны цахим хуудас дээр Герман, Монголын хоорондох нягт холбоо 1920-оод оноос эхлэлтэй. Энэ нь мөн БНАГУ болон БНМАУ-ын хоорондын сайн харилцаагаар тодорхойлогддог тухай онцлон тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хоёр талын харилцааны үндэс нь XX зууны эхэн үеийн харилцан сонирхол, шинжлэх ухаан, боловсрол, соёлын харилцаанаас эхтэй бөгөөд үүний нэг нотолгоо нь энэ жил Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны түүхт 100 жилийн ой тохиож буйгаар илэрч байна.

1990-ээд оноос Монгол Улс ардчилсан улс төр, эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш Монгол-Германы харилцаа шинэ агуулгаар баяжин, улс төр, эдийн засаг төдийгүй боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, мэргэжлийн боловсрол зэрэг олон салбарыг хамарсан өргөн түншлэл болон хөгжсөн. Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих үед ХБНГУ улс төр, эдийн засгийн шинэчлэл, мэргэжлийн боловсрол, хүний нөөцийн хөгжил, институцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны чухал түнш болов. Монгол Германы хөгжлийн хамтын ажиллагаа 1991–1992 оноос эхэлсэн бөгөөд 1995 оны есдүгээр сарын 19-ний өдөр “Монгол Улс ХБНГУ-ын харилцааны үндсийн тухай тунхаглал”-ыг гаргаснаар олон улсын харилцааны шинэ нөхцөл байдал дахь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн суурь баталгаажсан юм.

Хоёр талын харилцааны энэхүү түүхэн цаг үеийн нэг онцлог нь Германы Монголд өгсөн дэмжлэг туслалцаа нь зөвхөн санхүүгийн тусламжийн хэлбэрээр хязгаарлагдаагүйд оршино. Хүний хөгжил, төрийн байгууллагуудын чадавх, мэргэжлийн боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчны тогтвортой хөгжилд чиглэсэн хамтын ажиллагаа нь хоёр орны цаашдын харилцааны үндэс суурийг бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл Германы тал Монгол Улсад зөвхөн “тусламж өгөгч” бус, тодорхой салбарт мэдлэг, технологи, институцийн туршлага хуваалцдаг түнш болон төлөвшсөн юм.

Энд боловсролын хамтын ажиллагааг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Германд суралцсан монголчуудын хэд хэдэн үе Монголын нийгэм улс төр, бизнес эдийн засаг, боловсрол, соёл шинжлэх ухаан, инженерчлэл, дипломат албаны гэх мэт салбаруудад үр бүтээлтэй ажилласаар ирсэн. 1920-оод оноос хойш өнөөдрийг хүртэл албан бус тоогоор нийтдээ 20-30 мянган монгол залуус Германд янз бүрийн мэргэжлээр суралцаж төгссөн байдаг. 2023–2024 оны өвлийн улирлын байдлаар л гэхэд Германы их, дээд сургуульд 721 монгол оюутан суралцаж байсан бөгөөд 2025 оны долоодугаар сарын байдлаар хоёр улсын их, дээд сургуулиудын хооронд 39 түншлэлийн харилцаа бүртгэгдсэн байв. 2024 онд л гэхэд Германы Эрдмийн Солилцооны Алба буюу DAAD-ийн хөтөлбөрөөр Монголын 166 иргэн Германд суралцах, судалгаа хийх боломжтой болж, Германы 23 иргэн Монголд суралцах, судалгаа хийх санхүүжилт авч байжээ. Энэ бол хоёр улсын харилцааны хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалтын нэг юм. Учир нь төмөр зам, уул уурхай, эрчим хүчний дэд бүтэц нэг үеийн хэрэгцээг хангаж болох боловч мэдлэг, боловсрол, мэргэжил, хүний хоорондын итгэлцэл хэдэн арван жилийн турш үр өгөөжөө өгч байдаг.

Монгол–Германы хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжиж буй бас нэг чухал төсөл нь Монгол-Германы хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль буюу GMIT юм. Тус сургуулийг хоёр талын засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголын уул уурхайн баялгийг зөвхөн олборлох бус, шинжлэх ухаан, технологи, инженерчлэлд тулгуурласан эдийн засгийн хөгжилтэй холбох зорилгоор байгуулсан. GMIT-ийн сургалтын үйл ажиллагаа 2013 онд эхэлсэн бөгөөд өнөөдөр хоёр орны боловсрол, технологийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон төслүүдийн нэг болжээ.

Монгол, Германы харилцааны дараагийн нэг чухал үе шат нь 2008 онд хоёр талын харилцааг “иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн явдал байв. Үүний дараа 2011 онд “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулснаар Монголын уул уурхайн салбарт герман технологи, стандарт, туршлагыг нэвтрүүлэх боломж, үүд хаалгыг нээж өгсөн.

1920-оод оноос хойш өнөөдрийг хүртэл албан бус тоогоор нийтдээ 20-30 мянган монгол залуус Германд янз бүрийн мэргэжлээр суралцаж төгссөн байдаг

Харин 2024 он Монгол–Германы харилцааны түүхэнд шинэ хуудсыг нээсэн жил болсон юм. Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны хоёрдугаар сарын 7–8-нд төрийн айлчлал хийж, хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол, Германы харилцааг “стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан.

Стратегийн түншлэл гэдэг нь зөвхөн харилцааны шинэ нэр биш. Хоёр тал улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, шинжлэх ухаан, соёл, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, мэргэжлийн боловсрол зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохирсон. Монгол Улсын зүгээс Германыг Европын Холбоон дахь чухал түнш, мөн гуравдагч хөршийн бодлогын хүрээнд ач холбогдол бүхий улс гэж үзэж байгаа нь энэ харилцааны геополитикийн ач холбогдлыг тодорхой харуулна.

Энд нэг чухал зүйл бий. Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг зөвхөн “Орос, Хятадын дунд өөр нэг хүчирхэг улстай түншлэх” гэсэн энгийн ойлголтоор тайлбарлах нь хангалтгүй. Харин тусгаар тогтносон Монгол Улс өөрийн стратегийн сонголтын орон зайг өргөжүүлэх, эдийн засаг, технологи, боловсрол, дипломат харилцааны олон тулгуур бий болгох бодлого гэж харах нь илүү оновчтой. Энэ утгаараа Герман бол Монголын хувьд Европ дахь чухал түншүүдийн нэг.

Өнөөдөр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа уламжлалт салбаруудын зэрэгцээ шинэ агуулгаар баяжиж байна. Германы хөгжлийн хамтын ажиллагааны өнөөгийн үндсэн чиглэлүүдэд биологийн олон янз байдлыг хамгаалах, ой мод ба байгалийн нөөцийг зохистой ашиглах, тогтвортой эдийн засгийн хөгжил, мэргэжлийн боловсрол, хувийн хэвшил ба санхүүгийн салбарын хөгжил, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашиг, зэрэг багтаж байна.

2025 оны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Германы тал Монгол Улсад нийтдээ 41.3 сая еврогийн дэмжлэг үзүүлэхээр тохирсон бөгөөд үүний 22.5 сая евро нь эрчим хүчний сүлжээний дэд бүтцийг шинэчлэх санхүүжилтийн зээл, 18.8 сая евро нь мэргэжлийн боловсрол, хувийн хэвшлийн хөгжил, биологийн олон янз байдал болон ой хамгааллын техникийн хамтын ажиллагаанд зориулагджээ.

Мэргэжлийн боловсролын салбар дахь Германы туршлага Монголын хөдөлмөрийн зах зээлийн нэг том асуудал болох мэргэжлийн ур чадвар бүхий хүний нөөцийн хомстлын асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Германы “хосолсон” буюу сургалт ба ажлын байрыг хослуулсан сургалтын тогтолцоог Монголд нутагшуулах оролдлого сүүлийн жилүүдэд эрчимжиж байна. 2024–2025 онд энэ чиглэлийн хамтын ажиллагааны хүрээнд 147 оюутан ажиллангаа суралцсан бол 2025–2026 оны хичээлийн жилд 20 боловсролын байгууллага, 60 гаруй аж ахуйн нэгжийн оролцоотойгоор 1,600 гаруй суралцагч хамрагдаж байгаа талаар Монголын Боловсролын Яам мэдээлжээ. Энэ бол Монголын ирээдүйн эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөд Герман ямар үүрэгтэй байж болохыг харуулсан бодит жишээ юм. Монгол Улс зөвхөн уул уурхайгаас олсон орлогоо нэмэгдүүлэх бус, уул уурхайгаас бий болсон орлогыг мэдлэг, технологи, ур чадвар, бүтээмж болгон хувиргах шаардлагатай. Үүнд Германы “сургалт–үйлдвэрлэл–технологи” гэсэн холбоос бүхий туршлага хэрэгтэй байж болох юм.

Хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагаа дэвжин хөгжих боломжтой нэг гол салбар бол цахилгаан, эрчим хүчний салбар. Монголын нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц Европын эрчим хүчний шилжилтийн зорилтуудтай уялдах боломжтой. 2024 оны “стратегийн түншлэл”-ийн тунхаглалд хоёр тал сэргээгдэх эрчим хүч, ногоон устөрөгч, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан. Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны нөөц, ой мод, биологийн олон янз байдлыг хамгаалах асуудлыг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлд оруулсан.

Гэхдээ энд Монголын хувьд нэг чухал асуулт гарч ирнэ. Бид Германтай хамтран ажиллахдаа зөвхөн төсөл хэрэгжүүлж, төсөл дууссаны дараа дараагийн төслийг хүлээдэг хэвээр байх уу, эсвэл хамтын ажиллагааг Монголын эдийн засгийн урт хугацааны бүтцийн өөрчлөлтийн нэг хэсэг болгож чадах уу? Ирээдүйн Монгол–Германы харилцааны бодит үр дүн энэ асуултын хариултаас ихээхэн шалтгаална.

Монгол Улсын хувьд Германтай хамтран ажиллах дараагийн шат нь уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаас илүүтэй технологи, боловсруулалт, инженерчлэл, ногоон эрчим хүч, мэргэжлийн боловсрол, шинжлэх ухаан, дижитал шилжилт зэрэг мэдлэгт суурилсан салбарт төвлөрөх боломжтой. Ялангуяа газрын ховор элемент болон стратегийн түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээ, чухал ашигт малтмал, боловсруулах технологи, байгаль орчны стандарт зэрэг асуудлаар Герман болон Европын Холбоотой хамтран ажиллах нь Монголын эдийн засгийн төрөлжилтөд шинэ боломжийг нээж өгөх нь дамжиггүй.

Нөгөө талаас Монголын байршил ч Германд тодорхой ач холбогдолтой. Монгол бол Европ-Азийн хооронд орших далайд гарцгүй боловч геополитикийн хувьд сонирхол татахуйц орон. Дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ, эрчим хүчний шилжилт, газрын ховор элемент болон чухал ашигт малтмалын эрэлт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудал улам бүр стратегийн шинжтэй болж буй үед Монголын байгалийн баялаг, сэргээгдэх эрчим хүчний боломж, Зүүн хойд Азийн геополитикийн орчин Герман, Европын огтлолцох талбаруудыг бий болгож байна.

Мөн хоёр улсын харилцааны ирээдүй зөвхөн төр, засгийн түвшинд шийдэгдэхгүй. Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, бизнесийн байгууллага, хот хоорондын хамтын ажиллагаа, иргэдийн харилцаа, соёл, залуучуудын солилцоо зэрэг “зөөлөн” холбоосууд улам чухал болно. Герман хэл мэддэг үе үеийн төлөөлөл болсон монголчууд, Германд сурч төгссөн мэргэжилтнүүд, Монгол судлалын уламжлал, археологийн хамтарсан судалгаа зэрэг нь хоёр орны харилцааны төрөөс үл хамаарах урт хугацааны суурь болж чадна. Монголын эртний нийслэл Хархорумын археологийн судалгаанд Германы Археологийн Хүрээлэн, Боннын Их Сургууль болон Монголын Шинжлэх ухааны академийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа нь үүний нэг тод жишээ юм.

Ингээд харахад Монгол–Германы харилцааны өнгөрсөн үе нь итгэлцлийн суурийг бий болгосон, өнөө үе нь түүнийг стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн, харин ирээдүй нь уг түншлэлийг Монголын эдийн засаг, технологи, хүний капиталын бодит чадавх болгон хувиргах эсэхээр хэмжигдэхээр байна.

Монгол–Германы харилцааны хамгийн том баялаг нь аль нэг уул уурхай, аль нэг төсөл, аль нэг гэрээ биш. Хоёр орны хүмүүсийн хооронд бий болсон мэдлэг, итгэлцэл, туршлага, хамтын ажиллагааны соёл

Монгол Улс Германаас зөвхөн хөрөнгө оруулалт, тусламж, технологи авах тухай ярих бус, өөрт байгаа давуу талаа хэрхэн харилцан ашигтай хамтын ажиллагааны санал болгох вэ гэдэг асуултыг тавих цаг болжээ. Нар, салхи, стратегийн ашигт малтмал, өргөн уудам нутаг дэвсгэр бол боломж. Харин тэр боломжийг өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, технологи, мэргэжилтэй хүний нөөц, шинжлэх ухааны мэдлэг болгон хувиргах институцийн чадавх нь Монголын жинхэнэ сорилт юм.

Тиймээс Монгол–Германы харилцааны ирээдүйг нэг өгүүлбэрээр тодорхойлох шаардлагатай бол “тусламжаас хамтын ажиллагаа руу, түүхий эдээс технологи руу, оюутан солилцооноос хамтарсан мэдлэг үйлдвэрлэл рүү” шилжих үйл явц гэж хэлж болох юм.

Өнгөрсөн 50 гаруй жил (боловсролын салбарын хамтын ажиллагааг тооцвол 100 орчим жил) хоёр орны хооронд итгэлцлийн гүүр нэгэнт бий болжээ. 2024 онд байгуулсан “стратегийн түншлэл” тэр гүүрийг улам бэхжүүлсэн. Харин дараагийн хэдэн арван жилд тэр гүүрээр юу дамжих вэ гэдэг нь Монгол, Германы төр засгаас гадна их сургууль, эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгч, инженер, оюутан залуусын сонголтоос хамаарна. Эцсийн дүндээ Монгол–Германы харилцааны хамгийн том баялаг нь аль нэг уул уурхай, аль нэг төсөл, аль нэг гэрээ биш. Хоёр орны хүмүүсийн хооронд бий болсон мэдлэг, итгэлцэл, туршлага, хамтын ажиллагааны соёл юм. Энэ суурийг стратегийн түншлэлийн шинэ боломжуудтай зөв холбож чадвал Монгол-Германы харилцаа өнгөрснөө дурсах харилцаа биш, ирээдүйг хамтдаа бүтээх жинхэнэ бодит түншлэл болж чадна.