Зураг
Зураг

Төрийн байгууллагууд 2027 онд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллахад ₮26.4 тэрбумыг зарцуулна

Н.Эрхбаяр, iKon.mn
10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газраас 2027 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Одоогоор УИХ-ын холбогдох байнгын хороод ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн явуулаад байна. 

2027 оны нэгдсэн төсвийн нийт зарлага 43.5 их наяд төгрөг байхаар Засгийн газраас оруулж ирсэн. Энэ нь нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний 37.8 хувьтай тэнцэх дүн юм. Харин төсвийн урсгал зардал 33.5 их наяд төгрөг болж, 2026 оны төсвөөс 7.5 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр байна. 

Төсвийн урсгал зардал дундаас "бараа үйлчилгээний бусад зардал"-д 713 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Тус ангиллыг дэлгэрүүлээд харвал төрийн байгууллагуудын бараа үйлчилгээний бусад зардалд 627.4 тэрбум төгрөг, сургалт дадлага бэлтгэлийн зардалд 59.7 тэрбум төгрөг, мэдээлэл сурталчилгааны зардалд 26.4 тэрбум төгрөг зарцуулах аж.

Мэдээлэл сурталчилгааны зардал нь ихэвчлэн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах байдлаар зарцуулагддаг зардал гэдгийг Сангийн яамнаас мэдээлж буй.

Тэгвэл 2026 онд иргэдийн төлсөн татвараас мэдээлэл сурталчилгааны зардалд 17.4 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. Энэ мөнгөн дүн 2027 онд 8.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр төсвийн төсөлд тусгажээ.

2027 оны төсвийн төсөлд дурдсанаар мэдээлэл сурталчилгааны зардлын 9.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 15.8 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргах юм байна. Харин 1.2 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангийн төсвөөс гаргахаар 2027 оны төсвийн төсөлд тусгажээ.

"хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулах байдлаар зарцуулагдсан байдаг"

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Санжаадоржийн ярьж байгаагаар "Мэдээлэл сурталчилгааны зардал нь хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр зарцуулагддаг. Төрийн хэмнэлтийн тухай хуульд зааснаар хууль сурталчлах хүрээнд энэ төрлийн зардлыг гаргах зохицуулалттай байдаг. 

Аль нэг төсвийн байгууллагаас энэ онд хууль сурталчлах хүрээнд ийм хэмжээний зардал гаргамаар байна гэсэн саналаа ирүүлдэг. Энэ саналын дагуу зардлыг төсөв тусгаж өгдөг. Мэдээлэл сурталчилгааны зардал байгууллага бүрд байдаггүй. Жишээлбэл УИХ-аас баталсан хуулиа сурталчлах хүрээнд зардлын саналаа ирүүлдэг. Харин Ашигт малтмал газрын тосны газарт ийм төрлийн зардал байдаггүй.

Энэ төрлийн зардлын гүйцэтгэл нь хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулах байдлаар зарцуулагдсан байдаг. 20 сая төгрөгөөс дээш гэрээ байгуулах хуулиар тендер зарлах учиртай байдаг" гэв.