АНУ тагнуулын мэдээллээ Украинтай дахин хуваалцаж эхэлснийг Зеленский баталжээ
Ням гарагт Володимир Зеленский хоёр улсын хооронд тагнуулын мэдээлэл солилцох үйл явцыг сэргээсэн Трампын засаг захиргаанд талархал илэрхийлсэн хэдий ч Старлинк хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээг хязгаарласан үйлдлийг Трамптай сөргөлдсөний хариуд АНУ-ын зүгээс өөрт нь илгээсэн “сануулга” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
NBC телевизэд өгсөн ярилцлагадаа тэр Оросын баллистик пуужингийн цохилтын талаар тагнуулын мэдээлэлд тавьсан хязгаарлалтаа АНУ цуцалсныг баталсан байна.
Өвөл ойртож энэ үед Орос улс Украины эрчим хүчний дэд бүтцэд баллистик пуужингаар довтолж байгаа бөгөөд тэдгээрийг харвахыг урьдчилан мэдэж, хамгаалах арга хэмжээ авахад АНУ-ын тагнуулын мэдээлэл чухал юм.
"Энэ мэдээлэл тодорхой хугацаанд хаалттай байсан. Харин дараа нь Америкийн тал үүнийг нээж өглөө. Бид үүнд маш их талархаж байна. Одоо бүх зүйл хэвийн ажиллаж байна" гэж Зеленский "Meet the Press" нэвтрүүлэгт оролцохдоо ярьжээ. "Орос улс баллистик пуужин харвах үед бидэнд урьдчилан мэдэх боломж олгодог, чухал тагнуулын мэдээлэл зөвхөн АНУ-д л байдаг. Гэтэл сүүлийн гурван өдөр үргэлжилсэн баллистик пуужингийн дайралтуудын үеэр бид ийм мэдээлэл аваагүй” гэж тэр хэлсэн байна.
Мөн Украинд ашиглагдаж буй Старлинк терминалуудын ажиллах хурдыг гэнэт хязгаарлаж, фронтын шугам дээр дроны ажиллагаа болон агаарын довтолгооноос хамгаалах зарим үүрэг даалгаврыг гүйцэтгэхэд саад учруулсны ард Илон Маскийн SpaceX компани байсан гэж үзэж байгаагаа Зеленский илэрхийлжээ.
"Хурдыг хязгаарлах шийдвэр нь Америкийн засгийн газраас бидэнд ирсэн 'дохио' байсан. Техникийн хувьд үүнийг SpaceX гүйцэтгэсэн" гэж тэр хэлсэн юм.
Трамп сүүлийн үед Москватай харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж, Оросоос дизель түлш импортлох гэрээ байгуулж, Конгрессын хоёр танхимаас олонхын саналаар баталсан хориг арга хэмжээнүүдийг цуцалсан нь Зеленскийтэй харилцах харилцааг нь муутгасан юм.
АНУ-ын зүгээс Украинд шахалт үзүүлж, Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд довтлохоо зогсоох, мөн Путины тавьсан нөхцөлөөр дайныг хурдан дуусгахыг шаардаж байгаатай холбоотойгоор Трампын үйлдлүүдийг Зеленский улам бүр шүүмжлэх болсон.
"Бид түүнд итгэхийг хүсэж байна, тэр шийдвэрээ өөрчилнө гэж найдаж байна. Энэ бүхэн бүгд буруу, бидэнд ч АНУ-д ч тус болохгүй гэж би бодож байна” гэж тэр Трампын үйлдлүүдийн талаар байр сууриа илэрхийлсэн байна.
АНУ-ын сангийн сайд Скотт Бессент өчигдөр NBC телевизэд өгсөн тусдаа ярилцлагадаа “Старлинкийн үйлчилгээг хязгаарласан явдлын ард Трампын засаг захиргааг байгаа” гэж Зеленскийн хэлснийг “бодлогогүй үг" хэмээн шүүмжилжээ.
Бессент "Ерөнхийлөгч Трамп болон төрийн нарийн бичгийн дарга Рубио нар манай засаг захиргааны хэн ч ийм зүйл хийгээгүйг эрс хатуу мэдэгдсэн. Ерөнхийлөгч Зеленский ингэж буруутгаж байгаа нь маш бодлогогүй үйлдэл гэж би үзэж байна" гэж хэлсэн байна.
Тэрбээр цааш нь "Ерөнхийлөгч Зеленский үнэнд нийцэхгүй ийм мэдэгдэл хийхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй" гэж анхааруулжээ.
Ням гарагийн орой Трамп өөрийн сошиал хуудсанд бичихдээ Оростой дөрвөн жил гаруй үргэлжилж буй дайныг дуусгахыг Зеленский хүсэхгүй байгааг шүүмжилсэн байна.
Тэрээр Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр хийхээр ажиллаж, "томоохон ахиц дэвшил" гаргаж байгаа ч "Зеленскийд энэ огт хамаагүй бололтой. Шулуухан хэлэхэд Европын орнуудын түүнд өгч буй их хэмжээний мөнгөний улмаас тэр энэ дайныг зогсоохыг хүсэхгүй байна. Магадгүй хэзээ ч хүсэж байгаагүй биз" хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
