OpenAI шинэ Astra загвараа танилцуулахдаа “хиймэл оюуны шинэ эрин” эхэлснийг зарлажээ

Р.Түвшин, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

OpenAI компани өчигдөр буюу Пүрэв гарагт өөрийн хөгжүүлсэн хиймэл оюуны шинэ Astra загварыг танилцуулсан юм. Энэ үеэр тус компанийн ерөнхийлөгч Грег Брокман дэлхий ертөнц хиймэл оюуны шинэ эринд шилжиж байгааг зарласан байна.

AGI (Artificial General Intelligence) нь хүний түвшинд болон түүнээс дээд түвшинд олон төрлийн даалгавар гүйцэтгэх, суралцах, сэтгэх, мэдлэгийг ашиглах чадвартай хиймэл оюуны системийн тухай ойлголт юм.

OpenAI үүнийг “эдийн засгийн хувьд хамгийн үнэ цэнтэй ажлыг хүнээс илүү гүйцэтгэдэг бие даасан систем” гэж тодорхойлсон байдаг.

“Хэрвээ бид цаг хугацааг хэдэн жилээр урагшлуулаад хүмүүсээс AGI хэзээ бүтээгдсэнийг асуувал энэ цаг үеийг, энэ загварыг хэлнэ гэж би бодож байна. Эдгээр загварууд 100 жилийн настай математикийн бодлогуудын хариуг олох, эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хүмүүсийн өдөр тутмын амьдралд туслах зэрэг өргөн хүрээний үүрэгтэй болсон цаг үед бид ирээд байна. Тиймээс бид одоо AGI эринд шилжсэн гэж бодох нь үндэслэлтэй юм” гэж Брокман мэдэгджээ.

Astra загварыг OpenAI “шинжлэх ухааны нээлт, математик, анагаах ухааны томоохон дэвшил” гэж тодорхойлсноос гадна татварын тайлан бөглөх, компьютер тоглоомын дүрслэл бүтээх, архитектурын зураг боловсруулах, хоол захиалах зэрэг хүмүүсийн таван цаг зарцуулах хэмжээний ажлуудыг ердөө хоёр минут, 51 секундэд бүтээх чадвартай гэж тодорхойлжээ.

Хэд хоногийн өмнө OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэнээс AGI-ийн талаар сэтгэгдлийг нь асуухад “Сайнаар хэлбэл энэ маш буруу тодорхойлсон нэр томьёо. Ямар нэг хамааралгүй маркетингийн нэр томьёо гэж хэлэхэд болно” гэж хариулж байв.

Өнгөрсөн сард OpenAI хөгжүүлж байгаа нэг загвараа туршилтын үеэр хяналтаас алдаж, унтраахад хүрснийг мэдээлэхэд Олтмэн үүнийг “хиймэл оюуны аюулгүй байдлын хууль ёсны осол, тохируулгын алдаа, гарах ёсгүй байсан зүйл” гэж мэдэгдэж байжээ.

  Сүүлийн үед АНУ-ын хиймэл оюуны технологийн тэргүүлэгч компаниудын хооронд өрсөлдөөн улам ширүүсэж байгаа.

OpenAI удахгүй хөрөнгийн анхдагч зах зээлд хувьцаагаа гаргаж, доод тал нь $850 тэрбумын үнэлгээнд хүрэхийг зорьж байна.

Түүний гол өрсөлдөгчдийн нэг Anthropic мөн $2 их наядын үнэлгээнд хүрэх зорилготой хувьцаагаа гаргахаар бэлдэж байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian