"FEMININE 2026 тоглолтод ягаан өнгийн хувцсаа өмсөөд ирээрэй. Эмэгтэй хүн титэм зүүсэн хатан шиг өөртөө итгэлтэй амьдрах хэрэгтэй"
Гурван үеийн төлөөлөл болсон эмэгтэй уран бүтээлчид нэг үдэш нэг тайзан дээр гарч эмэгтэйлэг энергиэр дүүрсэн үдшийг үзэгч, сонсогчдодоо толилуулах гэж байна.
Тоглолтод дуучин МУАЖ Т.Ариунаа, НОМИНЖИН Nomi Gene, Г.Эрдэнэчимэг болон GALA, EXTACY, Honeymoon, The Wasabies хамтлаг оролцоно. Уран бүтээлч бүсгүйчүүд Монгол Улсын хэмжээнд ердөө ганцхан байгаа ургийн гажгийг эрт оношилдог аппаратыг авах зорилгын дор нэгдсэнээ онцлов.
Охид бүсгүйчүүдийг тоглолтыг үзэхээ ирэхдээ ягаан өнгийн хувцас өмсөж ирэхийг зөвлөв.
"Энэ үдшийн бүх зүйл нь ягаан байна"
Дуучин Т.Ариунаа "Би эмэгтэй хүн бүрээс таны дотор ямар өнгө байдаг вэ? гэж асуумаар санагдсан. Эмэгтэй хүн бүрийн дотор хөгшрөөгүй, яг тэр насан дээрээ зогсчихсон бяцхан охин байдаг байх.
Тиймдээ ч эмэгтэйчүүд нэгдэж бие биедээ урам өгч өөр өөрсдийнхөө өнгийг хүргэхийг хүсэж байна. Энэ үдшийн тайз ягаан байна. Бүх зүйл нь ягаан байна. Эмэгтэй хүн энэ ертөнцөд хайрыг ямар ч нөхцөл болзолгүйгээр өгөхөөр ирсэн гэж би боддог" гэв.
"Гала хамтлаг өөрийн дотоод ертөнцийнхөө өнгө гэрлийн эзэн байснаар үнэ цэнэ, мөрөөдлөө хэрхэн бүтээж болохыг үлгэрлэсэн гэж боддог"
Дуучин Ч.Уранхолбоо "Анх Гала хамтлагийг байгуулж байхад хүмүүс "ямар тод өнгөтэй юм бэ" гэж их хэлдэг байв. Харин бид хоёр өөрсдийнхөө дотоод ертөнцийн өнгө гэрэл, амьдралын зорилго, мөрөөдлийнхөө эзэн байснаар өөрийн үнэ цэнэ, мөрөөдлөө хэрхэн бүтээж болохыг үлгэрлэн харуулах гэж уран бүтээлээ туурвисаар ирсэн. 80, 90 настай эмээ болсон ч ягаан өнгөндөө үнэнч байж чадахаар өөрсдийн дотоод ертөнцийнхөө гэрлийг асааж чадсан гэж боддог.
Эмэгтэй хүн өөртөө цаг гаргаж, өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч эхэлсэн цагаас хорвоо ертөнц ч таны талд байна. Тоглолтод ирэх бүсгүйчүүд маань ягаан өнгийн хувцсаа өмсөөд өөрийнхөөрөө дуулж бүжиглэн цагаа өнгөрүүлж, эмэгтэйлэг энергиэ сэргээгээрэй" гэв.
"Эмэгтэй хүн титэм зүүсэн хатан хаан шиг өөртөө итгэлтэй амьдрах хэрэгтэй"
Дуучин К.Номинжин "Лос-Анжелес хотод уран бүтээлээ туурвиад олон жилийг өнгөрүүлсэн байна. Монгол эмэгтэйчүүд маш хөдөлмөрч, дайчин, сэтгэлийн тэнхээтэй дайчин хүмүүс байдаг. Ийнхүү гайхалтай ухаалаг, авьяаслаг бүсгүйчүүдтэйгээ хамтран ажиллахаар болсондоо баяртай байна. Эмэгтэй хүн титэм зүүсэн хатан хаан шиг өөртөө итгэлтэй амьдрах хэрэгтэй" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!





