Дэлгэцийн зохистой хэрэглээг уриалж "Хангалттай" ханыг Сүхбаатарын талбайд байршуулжээ
Дэлгэцийн зөв зохистой хэрэглээ дижитал хэрэглээний соёл түгээх зорилготой "Та хэтрүүлж байвал хангалттай" сэдвийн дор эерэг нөлөөллийн аяныг залуучууд санаачлан эхлүүлж байна.
Аяны хүрээнд өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 6-ныг хүртэл "ХАНГАЛТТАЙ" ханыг Сүхбаатарын талбайд байршуулжээ.
Амьдралдаа дараах дөрвөн дадлыг хэвшүүлж чадвал зохистой хэрэглээ рүү ойртох боломж байгааг аяны зохион байгуулагчид хэллээ.
Тодруулбал:
- Томчууд хүүхдийнхээ дэргэд утас оролдохоо болих.
- Хоолны ширээний ард дэлгэцгүй орчин бүрдүүлье. Энэ бол гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх цаг хугацаа.
- Өглөө, орой орон дотроо утас оролдохоо больё. Өглөө сэрээд шууд утас оролдвол тухайн өдөр бүтээмжгүй болж, орой орон дотроо утас оролдвол нойргүйдэх эрсдэлтэй. Улмаар амьдралын чанарт сөргөөр нөлөөлнө.
- Жолоо барьж явж байхдаа утас бүү ашиглаарай. Үүнээс үүдэн осол гэмтэл гарахаас эхлээд олон асуудал дагуулж байгааг хэлэв.
Үргэлжлүүлэн "Дэлгэцийн зөв зохистой хэрэглээ, дижитал хэрэглээний соёлыг түгээх ХАНГАЛТТАЙ хэмээх хөдөлгөөн эхэлж байгаа. Энэхүү нөлөөллийн ажлыг бүтэн сар үргэлжлүүлнэ.
Хангалттай гэдэг үг нь хүний дотоод дуу хоолой гэсэн үг. Аливааг хэтрүүлбэл "хангалттай" гэж өөрөө өөртөө хэлж байгаа санаа. Дэлгэцийн хэрэглээг гэнэт нэг л өдөр больж чадахгүй. Тиймээс бага багаар эхлэх хэрэгтэй гэж үзээд дээр дурдсан дөрвөн зөвлөгөөг хүмүүст өгч байгаа” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!







