Улаанбаатар хотод гадаадын найман улсаас 140 гэрэл зурагчин ирэв
Олон улсын гэрэл зургийн фестиваль энэ жил 23 дахь удаагаа буюу Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдаж байна.
“Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус фестиваль нь зөвхөн гэрэл зургийн наадам бус, улс орнуудын найрамдал, соёлын солилцоо, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх олон улсын нэр хүндтэй санаачилга юм. Энэхүү наадам нь дэлхийн өнцөг булан бүрийн гэрэл зурагчдыг нэгэн зорилгын дор нэгтгэн, гэрэл зургийн урлагаар дамжуулан улс орнуудыг холбох гүүр болдгоороо онцлогтой.
Монгол Улсад зохион байгуулагдаж буй гэрэл зургийн фестиваль нь Монгол Улсын түүх, соёл, шашин, өв уламжлал, нүүдэлчдийн ахуй, байгалийн өвөрмөц тогтоц, нийслэл Улаанбаатар хотыг олон улсын гэрэл зурагчдын бүтээлээр дамжуулан дэлхий дахинд сурталчлах ач холбогдолтой.
Фестивалийн хүрээнд есдүгээр сарын 3-9-ний өдрүүдэд Улаанбаатар хот болон хот орчмын аялал жуулчлал, соёлын онцлог бүхий байршлуудад зураг авалт, фото аяллууд зохион байгуулна. Тухайлбал Чойжин ламын сүм музей, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн цам харайх ёслол, “Мянган морьтон” наадам зэрэг онцлох арга хэмжээ, түүх, соёлын дурсгалт газруудад зураг авалт хийнэ. Арга хэмжээний төгсгөлд оролцогчдын шилдэг бүтээлийг тодруулна.
Фестивальд:
- Бүгд Найрамдах Сингапур улс 25
- Малайз улс 18
- Бүгд Найрамдах Солонгос улс 13
- Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка улс 6
- Бүгд Найрамдах Филиппин улс 34
- Бүгд Найрамдах Индонез улс 23
- Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс 9
- Австралийн Хамтын Нөхөрлөлийн улс 12 гэрэл зурагчин фестивальд оролцохоор хүрэлцэн иржээ. Тодотгоход Филиппин улсаас хамгийн олон гэрэл зурагчин ирсэн байна.
Монгол Улсаас 10 гэрэл зурагчин фестивальд оролцоно гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
