Хятадын салютын үйлдвэр дэлбэрсний улмаас 21 хүний амь үрэгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагийн үдээс хойш Хятад улсын Хунань мужийн салютын үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 21 хүн амиа алдаж, 61 хүн шархаджээ.

Люян хотын Хуашен үйлдвэрт орон нутгийн цагаар Даваа гарагийн 16:40 цагийн үед дэлбэрэлт болсон бөгөөд энэ үеэр аврагчид 3 км-ийн радиус доторх бүх хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн байна.

Аврах ажиллагаа болон шархадсан хүмүүсийг эмчлэхэд нийтдээ 500 орчим хүн дайчлагдан ажиллажээ. Шатсан барилга дотроос хүмүүсийг эрж хайхад робот техник ашиглаж байна.

Дарь хадгалдаг үйлдвэрийн хоёр агуулах аврах ажиллагаанд хүндрэл учруулж байгааг эрх баригчид мэдээлжээ.

Ойролцоох байшин барилгуудын бүх цонх хагарснаас дэлбэрэлтийн хүч ямар байсан нь харагдаж байна.

зураг
 

Шархадсан хүмүүс 20-60 орчим насныхан байсан бөгөөд тэдний зарим нь дэлбэрэлтийн улмаас агаарт шидэгдсэн эд зүйлсэд цохиулжээ.

Ерөнхийлөгч Ши Жиньпин сураггүй болсон хүмүүсийг хайж олох, шархадсан хүмүүсийг аврахад бүх хүчээ дайчлан ажиллахыг холбогдох албаныханд уриалсан байна.

Мөн ослын мөрөөр шалгаж, буруутай хүмүүст хариуцлага тооцохыг даалгажээ.

Үйлдвэрээс нэг километрийн зайд оршдог тосгоны гудамж чулуунд дарагдсанаас оршин суугчид нь тойрч явахад хүрснийг Beijing News сонин орон нутгийн гэрчээс авсан тодруулга дээр үндэслэн мэдээлсэн байна.

Люян бол салютын үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг алдартай хот юм.

 

Эх сурвалж: BBC