Ачаа тээврийн карго ашиглан сэтгэцэд нөлөөт бодис авч, бусдад худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлэв
Прокурорын байгууллагаас дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс тавдугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,046 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1,781 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 882 хэрэг шинээр нээж, 446 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн талаар мэдээллээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал:
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 190
- Өмчлөх эрхийн эсрэг 127
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 79
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 15
- Авлигын эсрэг 10
- Хүний амьд явах эрхийн эсрэг болон Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг тус бүр 5
- Эдийн засгийн болон Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг тус бүр 4
- Хүрээлэн байгаа орчны эсрэг болон Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг тус бүр 3
- Эрүүл мэндийн эсрэг 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн талаар:
Г.У нь Бүгд Найрамдах Турк Улсаас гэр бүлийн гишүүнийхээ нэр дээр ачаа тээврийн карго ашиглан 2023 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
