Ялалтын баяраас хэдхэн хоногийн өмнө Москва хотын төвд оршдог цамхаг Украины цохилтод өртжээ
Дэлхийн хоёрдугаар дайнд Нацист Германыг ялсны ойн баяраас хэдхэн хоногийн өмнө Москва хотын төвд оршдог тансаг зэрэглэлийн орон сууцны цамхаг Украины нисгэгчгүй онгоцны дайралтад өртжээ.
Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин Украины хоёр нисгэгчгүй онгоцны дайралтыг няцаасны нэг нь Мосфильмовская гудамжны барилгыг оносон тухай Москва хотын дарга Сергей Собянин өчигдөр мэдээлсэн байна.
Ямар хэмжээний хохирол учирсан талаар тэр мэдэгдэлдээ дурдсангүй. Мосфильмовская бол Кремлиэс 6-8 км зайд оршдог гудамж юм.
Ийм халдлагыг агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн ихэвчлэн хотын гадна, эсвэл захад зогсоодог. Тиймээс энэ удаагийн халдлага маш ховорт тооцогдож байна.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын батлан хамгаалах яам уламжлалт баярын жагсаал нь 2007 оноос хойш анх удаагаа байлдааны зэвсэг техникгүй зохион байгуулагдахаар болсныг зарласан.
Тус улсыг 25 гаруй жил захирч байгаа ерөнхийлөгч Путин уг арга хэмжээг Украины эсрэг явуулж буй эзлэн түрэмгийлэх дайнаа зөвтгөх суртал нэвтрүүлгийн хэрэгсэл болгохыг хичээдэг.
Өнгөрсөн онд болсон 80 жилийн ойн жагсаал нь Украины дайн эхэлснээс хойших хамгийн том ийм арга хэмжээ болж, Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин, Бразилын ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва, Словакийн ерөнхий сайд Роберт Фико зэрэг дэлхийн олон орны удирдагчид оролцсон юм.
Харин энэ жилийн арга хэмжээнд Фико, Беларусийн Лукашенко болон хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Төв Азийн зарим орны удирдагчид оролцох төлөвтэй байна.
Өнгөрсөн сард Унгарын ерөнхий сайд Виктор Орбан сонгуульд ялагдсанаас хойш Европ дахь Москвагийн цорын ганц түнш Фико болоод байгаа.
Украин улс сүүлийн саруудад Оросын эрчим хүчний байгууламжуудыг чиглэсэн агаарын цохилтоо эрчимжүүлээд байна. Тус улсын нисгэгчгүй онгоцнуудын цохилтын зай улам нэмэгдэж, 1,700 км хүрсэн нь үүнд чухал нөлөө үзүүлж байгаа.
Хамгийн сүүлд Ням гарагт Украины дронууд Оросын хэд хэдэн бүс нутагт довтолсноос Балтийн тэнгисийн Приморск боомт шатаж, ачааны болон байлдааны хэд хэдэн хөлөг сүйджээ.
Боомт харьяалагддаг Оросын бүс нутгийн захирагч Александр Дрозденко энэ өдөр 60 гаруй нисгэгчгүй онгоцыг устгасан тухай мэдээлсэн байна.
Тэрбээр бас Приморск боомтод гарсан галыг унтраасан, халдлагын дараа тэнгисийн усанд газрын тос асгараагүйг баталжээ.
Приморск бол өдөрт нэг сая баррель газрын тос нэвтрүүлэх багтаамжтай экспортын чухал боомт юм. Сүүлийн сар орчим хугацаанд уг боомт хэд хэдэн удаа агаарын цохилтод өртөж, үйл ажиллагаа нь доголдоод байгаа.
Приморск боомтод устгагдсан тээвэрлэгч хөлгүүдийн талаар Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Эдгээр танкеруудыг газрын тос тээвэрлэхэд идэвхтэй ашиглаж байсан бол одоо ашиглалтаас гарлаа. Украин улс алсын зайд довтлох чадавхаа далайд, агаарт, хуурай газарт цогцоор нь хөгжүүлсээр байна” гэж сошиал хуудсаараа мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

