“Project Freedom” ажиллагааны эхний өдөр Ормузын хоолойд Ираны долоон завийг устгаснаа Трамп мэдэгдэв
Персийн буланд гацсан ачаа тээврийн хөлгүүдийг Ормузын хоолойгоор гаргах зорилготой “Project Freedom” ажиллагааны эхний өдөр Ираны долоон “хурдан завийг” устгаснаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Даваа гарагт Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ), Өмнөд Солонгос улсууд тус тусын хөлөг нь Ираны цохилтод өртсөнийг бас мэдээлсэн байна.
Үүнээс гадна Фужайрагийн газрын тосны боомтод Ираны цохилтын дараа гал гарсныг АНЭУ-ын эрх баригчид мэдээлжээ.
Трампын санаачилсан ажиллагааны хүрээнд АНУ-ын далбаатай нэг хөлөг Ормузын хоолойгоор амжилттай нэвтэрснийг Maersk тээврийн компани мэдээлсэн байна.
Персийн буланд гацсан олон улсын ачаа тээврийн хөлгүүдийг АНУ-ын тэнгисийн флотын хөлгүүдийн хамгаалалт дор Ормузын хоолойгоор нэвтрүүлэх “Project Freedom” ажиллагааг Даваа гарагт эхлүүлэх болсныг өмнөх өдөр нь ерөнхийлөгч Трамп зарлаж байв.
Дээрх мэдээллүүд нь уг ажиллагаа эхэлснийг баталж байна.
Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи хоолойд болсон үйл явдлууд “улс төрийн хямралыг цэрэг зэвсгийн хүчээр шийдвэрлэх аргагүй болсныг тодорхой харууллаа” гэж мэдэгджээ.
Тэрбээр “Project Freedom” ажиллагаа “Project Deadlock” болж хувирч буйг энэ үеэр анхааруулсан байна.
Харин Трамп хэлэхдээ “Бид долоон жижиг завийг буюу тэдний нэрлэдгээр хурдан завийг устгасан. Тэдэнд үлдсэн зүйлс энэ л байлаа” гэсэн юм.
АНУ-ын зэвсэгт хүчнийхэн Ираны завинууд руу нисдэг тэргээр довтолсон юм байна. Харин Ираны тал ийм халдлага болсныг үгүйсгэжээ.
Өчигдөр орой Maersk тээврийн компани АНУ-ын далбаатай Alliance Fairfax хөлөг байлдааны хөлгүүдийн хамгаалалт дор Ормузын хоолойгоор амжилттай нэвтэрснийг баталсан байна.
Уг хөлөг хоёрдугаар сарын сүүлээр АНУ, Израилийн довтолгоо эхэлснээс хойш Персийн буланд гацаад байжээ.
Үүнтэй зэрэгцэн АНЭУ-ын гадаад хэргийн яам төрийн өмчит газрын тосны компани Адноктой холбоотой танкер Ормузын хоолойд осолдсоныг мэдээлсэн бол Өмнөд Солонгос улс АНЭУ-ын эргийн ойролцоо зангуугаа буулгаад байсан өөрийнх нь нэг хөлөг дээр дэлбэрэлт болсныг мэдээлсэн байна.
АНЭУ-ын тал бас Ираны зүгээс 12 баллистик пуужин, гурван далавчит пуужин, дөрвөн дроноор довтолсны ихэнхийг устгасан ч Фужайрагийн газрын тосны боомтод гал гарч, гурван хүн шархадсан талаар мэдэгдэлдээ дурджээ.
Фужайрагийн боомт цохилтод өртсөн тухай мэдээний улмаас түүхий эдийн зах зээл дээр Брент ангиллын баррель газрын тосны үнэ 5 хувиар өсөж, $115-ыг давсан байна.
Уг боомт нь АНЭУ-ын зүүн эрэгт, Ормузын хоолойн цаад талд оршдог юм.
Персийн буланд одоо 2,000 орчим ачаа тээврийн хөлөг, тэдгээр дээр ажилладаг нийт 20,000 орчим далайчны хамт гацсан байгаа гэж үздэг.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

