Энэтхэг улс тавь орчим жилийн дараа орон нутгийн сүүлчийн коммунист засаглалаасаа саллаа
Энэтхэгийн Керала мужийг олон жилийн турш удирдаж байсан коммунист намын засаглал өндөрлөсөн нь орон нутгийн сонгуулийн үр дүнгээс ил болжээ.
Керала бол дэлхийд анх удаагаа ардчилсан сонгуулиар коммунистуудыг сонгосон бүс нутаг, Энэтхэгийн мужуудаас коммунистуудын захиргаанд байсан сүүлчийн муж юм.
Даваа гарагийн орой Конгресс намын тэргүүлсэн Ардчиллын Нэгдсэн Фронт эвсэл тус мужийн парламентын 140 суудлын 98-ыг аваад байжээ.
Харин одоогийн эрх баригчид болох зүүний үзэлтэй намуудын Зүүний Ардчилсан Фронт эвсэл ердөө 35 суудал авсан байна.
Олон жилийн турш Энэтхэгийн зүүний хүчнүүдийн гол түшиц газар болсоор ирсэн Керала мужид 1950-аад оны сүүлээр Энэтхэгийн Коммунист Нам анх сонгуульд ялж байжээ.
1977 оноос хойш Энэтхэгийн дор хаяж нэг мужийг зүүнтнүүд засаглаж байсан нь өнөөдөр ийнхүү өндөрлөж байна.
“Энэ жилийн сонгуулийн үр дүнгээс харвал манай улсад анх удаагаа зүүний намууд ганц ч мужид ялалт байгуулсангүй” гэж Шинэ Делид төвтэй CPR (Centre for Policy Reaearch) хүрээлэнгийн улс төр судлаач Рахул Верма хэлжээ.
Зүүний Фронт эвсэл Баруун Бенгал мужийг 1977-2011 оны хооронд захирч байсан бол Трипура мужийг 1993-2018 оны хооронд захирч байсан юм.
Тэднээс хойш ганцхан Керала мужид 2016 оноос хойш зүүнтнүүд засаглаж байсан нь одоо ийнхүү дуусгавар болж байна.
Энэтхэгийн төв парламентын сонгуульд ч бас зүүний намуудын байр суурь суларч, 2004 оны сонгуулиар 62 суудал авч байсан бол өнөөдөр ердөө найман суудалтай болжээ.
Цаашдаа ч тус улсад зүүний улс төрийн хүчнүүдийн байр суурь буцаж өсөхгүй гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: Aljazeera
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
