Аялал жуулчлалын салбарынхан тусгай зориулалтын ангийн дуудлага худалдааны зохицуулалтыг шинэчлэх шаардлагатай гэв

А.Төгөлдөр, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны  өнөөдрийн /2026.03.31/ хуралдаан 10 цаг 18 минутад Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Р.Батболд, Г.Лувсанжамц М.Энхцэцэг буюу гишүүдийн 66.7 хувийн ирцтэйгээр эхэлсэн.

Хуралдааны эхэнд “Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдвээр Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын зөвлөл төрийн бус байгууллагын мэдээллийг сонслоо.

Энэ талаар тус зөвлөлийн тэргүүн Н.Эрдэнэбат мэдээлэл хийсэн бөгөөд зөвлөлийн үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ болон тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулав.

Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын зөвлөл нь аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлага, мэргэжлийн зөвлөмжийг төрийн бодлогод тусгуулах, салбарын ажлын уялдаа холбоог сайжруулах, гишүүн байгууллагын эрх ашгийг хамгаалсан төрийн бус байгууллага гэдгийг тэрбээр дурдаад тус салбарт нэн тулгамдаж буй асуудлуудынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Тухайлбал, уг салбарын жуулчны тээврийн стандартыг цуцлах, мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй холбоотой асуудлыг эргэн харах, хөдөө орон нутгийн авто зам дагуух үйлчилгээний цогцолбор байгуулах талаар хөндөж байлаа.

Мөн жуулчны баазын газрын даацыг тодорхойлж, тухайн баазын ойр орчмын 10км-т аялал жуулчлалын зориулалттай газар олгохгүй байх, цаашид аялал жуулчлалын цогцолбороор хөгжүүлэхэд чиглүүлж хөнгөлөлттэй зээл олгох шаардлагатай. Улмаар зочид буудлын үйл ажиллагааг үл хөдлөхийн татвар, гадаадаас орж буй орлогыг НӨАТ-аас чөлөөлөх, гадаадаас жуулчин авч байгаа тур операторыг татвараас 2028 он хүртэл үргэлжлүүлэн чөлөөлөх, тусгай зориулалтын ангын дуудлага худалдааны зохицуулалтыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна гэж мэдээлэлд дурдсан байв.

зураг
 

Түүнчлэн Монгол Улсад тусгай зориулалтын агнуурын квотыг жил бүр Засгийн газрын тогтоолоор баталж, дуудлага худалдаагаар олгож байгаа нь таван жилээр баталсан агнуур зохион байгуулалтын төлөвлөгөөтэй зөрчилдөж, шинжлэх ухаанд суурилсан нөөцийн үнэлгээг үнэгүйдүүлж, агнуурын бүс нутгийн менежментийн тогтвортой байдлыг алдагдуулаад байна гэсэн байлаа. Иймээс Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсад худалдаалах тухай конвенц (CITES)-ийн шаардлагад нийцэхгүй үйл ажиллагаа явуулах эрсдэл үүсгэж байна. Үр дүнд нь агнуурын нөөцийн тогтвортой байдал алдагдах, төсвийн орлого урт хугацаандаа буурах эрсдэлтэй зэргээр тулгамдсан асуудлынхаа талаар танилцуулж байлаа. Иймд хууль эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд Зөвшөөрлийн тухай, Амьтны тухай зэрэг холбогдох хууль, журмын заалтуудыг хүчингүй болгож арилжааны дуудлага худалдааны зохицуулалтыг халах саналыг хэлсэн.

Мөн дуудлага худалдааг зогсоох, квотыг 5 жилээр менежмент хариуцагчид олгодог системд шилжих, шинэ тогтолцоог яаралтай батлах шаардлагатай байгааг мэдээлэлд дурдахын зэрэгцээ тусгай зориулалтын агнуурыг орлого төвлөрүүлэх богино хугацааны хэрэгсэл биш, шинжлэх ухаанд суурилсан тогтвортой менежментийн системд шилжүүлэх нь чухал гэдгийг танилцуулгад дурдсан байлаа.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лувсанжамц аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд холбогдох хуулийн зүйл, заалтыг хэрхэн өөрчлөх талаар тодорхой санал ирүүлэхийг хүссэн бол Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд цаашид тусгай зориулалтын агнуурыг дуудлага худалдаагаар явуулснаар олон улсын холбогдох конвенцтой хэрхэн зөрчилдөж байгааг тодруулахын зэрэгцээ үүнээс гарах үр дагаврыг лавласан.

Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын зөвлөлийн тэргүүн Н.Эрдэнэбат хариултдаа, гурван жилийн өмнө тусгай зориулалтын буюу спорт ан агнуурт дуудлага худалдааны системийг нэвтрүүлснээс энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд эрсдэлд орж эхэлснийг онцлов.

зураг
 

Түүнчлэн “Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсад худалдаалах тухай конвенц (CITES)-ийг зөрчих асуудал үүсээд байна. Конвенцын гол ач холбогдол нь худалдаалагдаж буй амьтад орон нутагтаа зохих ёсоор хамгаалалтад байж байгаад агнагдаж байна уу гэдэгт хяналт тавихад чиглэсэн. Гэтэл дуудлага худалдааг нэвтрүүлснээр хамтын менежментээр өөрийн бүс нутаг хариуцаад явж байсан асуудлын үндсэн зарчим алдагдаж байгаа юм. Хэрэв асуудлыг хурдан засаж, өөрчлөхгүй бол уг конвенц (CITES)-ийг зөрчсөнд тооцож, цаашдаа Монгол Улсаас зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсад худалдаалах гарах эрх цуцлагдах эрсдэлтэй” хэмээн хариулж байлаа.

Үргэлжлүүлэн Аялал жуулчлалын салбарыг дэмжихэд чиглэсэн хөнгөлөлттэй зээлийн талаарх мэдээлэлтэй танилцав.

Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга В.Батчимэг танилцуулсан.

Тэрбээр мэдээлэлдээ, аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлд энэ жил нийт 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэгдсэн. Энэ хүрээнд арилжааны 10 банканд аж ахуйн нэгжүүдээс 2 их наяд төгрөгийн хүсэлтийг ирүүлсэн. Одоогоор 198 аж ахуйн нэгжийн 404 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг арилжааны банкууд судалж байна гэв.

Мөн үүнээс салбарын яам 500 саяас дээш төгрөгийн зээлд хяналтын гэрээ байгуулах ёстой. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд одоогоор 28 аж ахуйн нэгжээс хяналтын гэрээ хийх хүсэлт ирүүлснийг дурдаад энэ хүрээнд 13 аж ахуйн нэгжтэй хяналтын гэрээ байгуулж, үлдсэн 15-ыг нь судалж байна гэлээ.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх зургаас харна уу.

зураг
 

Одоогийн байдлаар нийт 42 аж ахуйн нэгжид 86 тэрбум төгрөгийн зээлийн шийдвэр гараад байна. Үүнээс гарт олгогдсон нь 5.9 тэрбум төгрөг гэж байлаа.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх зургаас харна уу.

зураг
 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн яамны төлөөлөл өнгөрсөн долоо хоногт арилжааны 10 банкны удирдлагуудтай уулзаж, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулж, ажиллах, зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, хяналтын гэрээ байгуулсан болон зээл авсан аж ахуйн нэгжүүдийг нээлттэй ил тод мэдээлэхээр болсон хэмээн танилцуулгад дурдсан байлаа.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Н.Батсүмбэрэл, Р.Батболд нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд аялал жуулчлалын салбарт олгож буй хөнгөлөлттэй зээлийг хөдөө орон нутагт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж ихээхэн сонирхож байгааг  дурдаад орон нутгаас ирж байгаа хүсэлтүүдийн хэдэн хувийг шийдвэрлэсэн талаар лавлав.

Нийт 28 аж ахуйн нэгжтэй хяналтын гэрээ хийхээр болсон бөгөөд үүнийг ангилбал, Улаанбаатар хотод 11, Сэлэнгэ, Төв, Орхон, Хэнтий, Дорноговь, Булган аймагт тус бүр нэг, Хөвсгөл аймагт гурав, Өмнөговь аймагт хоёр байна хэмээн ажлын хэсгээс хариулсан.     

Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэхэд баримталж буй бодлогыг салбарын яамныхнаас тодруулахын зэрэгцээ тухайн аймаг, сумын аль хэсгийн газрыг байгалийн цогцолбор болгон хөгжүүлэхэд чиглүүлэх гэх зэргээр зээлийн үр ашгийг тооцох, арилжааны банкууд хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох вий гэдэгт хяналт тавихад анхаарах шаардлагатай гэсэн санал хэлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.