“Оюу Толгой”-н менежментийг хариуцагч “RioTinto” группийн гүйцэтгэх ерөнхий захирал Сэм Уолш өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголд ирээд буцав. Өмнө нь Монголын хэвлэлд ярилцлага өгч байгаагүй түүнтэй өнгөрсөн Бямба гаригт уулзаж ярилцлаа.
-Монгол Улсад тавтай морил. Та ямар ажил амжуулахаар төлөвлөж Монголд ирсэн бэ. Төр, засгийн тэргүүнүүдтэй уулзах уу?
-Баярлалаа. Би 2010 оноос хойш хоёр дахь удаагаа Монголд ирж байна. Монгол Улс энэ хугацаанд эрчимтэй өөрчлөгдөн, хөгжиж байгааг харахад сэтгэл маш хангалуун байна. Олон шинэ барилга баригдаж, бүтээн байгуулалтын ажил өрнөж байг өөрийн нүдээр харлаа.
“Оюу Толгой”-н уурхайд очиж ажилчидтай уулзах, нэг сая тонн зэсийн баяжмал экспортолсон амжилтыг хамтдаа тэмдэглэж, тэдэнд баяр хүргэхээр ирсэн юм.
Энэ үеэр мөн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн чиглэлд анхаа хандуулж ажиллахыг тэдэнд сануулах болно. “Rio Tinto” группийн хувьд Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах чин эрмэлзэлтэй байдаг.
Зэсийн салбарт “Оюу Толгой” маш чухал байр суурь эзэлдэг.
Монгол Улсад хэрэгжүүлж буй “Оюу толгой” төсөлд “Rio Tinto” группийн зүгээс хэр их ач холбогдол өгч, дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийлэх нь мөн миний энд ирсэн нэг гол зорилго юм. Маш шахуу хөтөлбөртэй ч хэвлэл мэдээллийн зарим төлөөлөгчтэй уулзаж байна.
-“Rio Tinto” групп дэлхийн 43 оронд үйл ажиллагаа явуулдаг. “Оюу Толгой” төсөл “Rio Tinto”-гийн бизнест ер нь ямар байр суурь эзэлдэг юм бэ?
-Үйл ажиллагаа явуулж буй бүхий л улс орноо ач холбогдлын хувьд бид ижил түвшинд авч үзэж, ажилладаг. Зэсийн бүлгийн тухайд авч үзвэл өнөөдөр үйл ажиллагаа нь эхлээд, үйлдвэрлэл нь жигдэрчихсэн гурван төсөл бий.
Мөн нэлээд ирээдүйтэй хоёр төсөл хэрэгжүүлэхээр ярьж байна. Зэсийн салбарт “Оюу Толгой” маш чухал байр суурь эзэлдэг.
-Ийм чухал төслийн асуудлаар хувь нийлүүлэгчдийн хэлэлцээ 20 cap үргэлжилж байна. Ингээд хүлээгээд байх уу. “Rio Tinto”-д одоо ямар төлөвлөгөө байгаа вэ?
-Хэлэлцээ хийж буй талууд асуудлуудаа ярилцаж, тохиролцох хугацаа удахгүй ирнэ гэж би найдаж байгаа. Асуудлууд нь өргөн цар хүрээтэй, олон чиглэлийг хамарсан, нэлээд ярвигтай учраас цаг хугацаа шаардах нь мэдээж.
“Оюу Толгой” шиг төсөл сууриа анхнаасаа зөв тавиад, зөв ойлголцвол цаашид урт хугацаанд амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Бид энэ төслийг үргэлжлүүлж, илүү хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа.
-Хувь нийлүүлэгчдийн дунд одоо яг хэдэн асуудал шийдэгдэлгүй үлдсэн юм бэ. Тэдгээрээс шийдвэрлэхэд хамгийн төвөгтэй нь юу вэ?
-Цөөн хэдэн асуудал шийдэгдэлгүй үлдсэн байгаа. Ерөнхийд нь тайлбар өгөхөд, бидний зүгээс дэлхийн аль ч улсад ийм хэмжээний төсөл хэрэгжүүлсэн тохиолдолд тавих ерөнхий зарчмын шаардлагуудыг Монгол Улсын Засгийн газарт санал болгосон.
Өөрөөр хэлбэл, бид ямар нэгэн байдлаар зөвхөн “Оюу Толгой”, эсвэл зөвхөн Монгол Улсад тусгайлсан, онцгой санал огт тавиагүй.
Бид ямар нэгэн байдлаар зөвхөн “Оюу Толгой”, эсвэл зөвхөн Монгол Улсад тусгайлсан, онцгой санал огт тавиагүй.
Ямар ч төсөлд үйлчлэх зарчмын саналууд гэж ойлгож болно. Хувь нийлүүлэгч талууд асуудлаа амжилттай шийдвэрлэж чадна гэж би бодож байна.
Энэ нь Монгол Улс, Монголчууд, мөн дотоодын аж ахуйн нэгжүүдэд үр шимээ өгөхийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалтыг татахад тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа.
-Өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газарт “Rio Tinto”-гийн зүгээс яг ямар санал тавьснаа та тодруулаач. Монголын олон нийт албан ёсны бус, таамаг төдий мэдээлэлтэй байгаа.
-Тэр харилцан ойлголцлын санамж бичиг бол өнөөдрийг хүртэл үргэлжилсэн хэлэлцээрийн агуулгыг багцалж, дүгнэсэн баримт бичиг гэж ойлгож болно.
Нөгөө талаас тухайн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар “Rio Tinto”-гийн баримталж буй байр суурийг тусгасан баримт бичиг. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш энэ талаар ярьж, хэлэлцээ хийж буй талууд маш идэвхтэй уулзаж байгаа.
Өнгөрсөн долоо хоногт л гэхэд хэлэлцээ Улаанбаатар хотод үргэлжилсэн гэдгийг хэлмээр байна. Мэдээж ойлголцолд хүрэхийн тулд аль аль талаас нь санаачилга гаргах зайлшгүй шаардлага тулгарч таарна. Манай талаас ийм санаачилга гаргаж, төсөлд итгэл найдвар тавьж байгаа гэдгийг миний энэ айлчлал нотлон харуулж байгаа юм.
-Төслийн эхний шатны бүтээн байгуулалт яагаад хоёр тэрбум ам.доллараар хэтэрсэн юм бэ. “Оюу Толгой”-н ТУЗ одоо хүртэл энэ талаар дэлгэрэнгүй танилцаж, хэлэлцээгүй байгаа гэж үнэн үү. Зардал өссөн нь хувь нийлүүлэгчдийн хүртэх ашигт хэрхэн нөлөөлөх вэ?
-Аливаа төслийн үр ашигт нэлээд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Дэлхийн зах зээл байнга өөрчлөгдөж байдаг, мөн эрчим хүч болон бусад зардлаас хамаарч ногдол ашгийн хуваарилалт ч өөр өөр байдаг.
Гэхдээ “Оюу Толгой” компанийн хамт олон төслийг амжилттай удирдан зохион байгуулах чиглэлээр маш үр дүнтэй ажиллаж байгаа гэдгийг цохон тэмдэглэе.
-Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд “Оюу Толгой”-н хөрөнгө оруулагч “Rio Tinto”, “Turquoise Hill Resources” компани Монгол Улсын хууль, дүрмийг биелүүлэх учиртай. Гэтэл ингэх гэж төдийлөн хичээхгүй байгаа тал заримдаа ажиглагддаг. Үүнд та ямар тайлбар хийх вэ?
-“Rio Tinto” компани дэлхийн хаана ч байсан тухайн улс орны хууль тогтоомж, дүрмийг бүрэн мөрдөж ажилладаг гэдгийг бататган хэлье. Уул уурхайн аюулгүй ажиллагаа, байгаль орчин гээд өргөн хүрээг хамарсан бүхий л чиглэлийн хууль тогтоомж, дүрмийг мөрдөж ажиллах, мөн дээрээс нь дэлхийн хамгийн шилдэг туршлагыг хэрэгжүүлж ажилладаг.
Оюу Толгойн уурхайд бид дэлхийн хэмжээний төсөл хэрэгжүүлсэн. Бидний цаашдын хүсэл зорилго нь үүнийгээ улам бүр бататгах, уурхайн “нас”-ыг уртасгах, өөрөөр хэлбэл, төслийн хоёрдугаар үе шатыг амжилттай хэрэгжүүлж, үүнийгээ үргэлжлүүлэх чин эрмэлзэлтэй байна.
Асуух асуултын жагсаалт талдаа ч ороогүй хэдий ч шахуу цаг хугацаанд хавчигдан ярилцлагаа ийнхүү өндөрлөлөө. “Rio Tinto’’-гийн Зэс, нүүрсний группийн гүйцэтгэх захирал Жан-Себастъян Жак түүнийг дагалдан Монголд ирсэн аж.
Уул уурхайн сайд Р.Жигжид, “Rio Tinto" группийн гүйцэтгэх ерөнхий захирал Сэт Уолш нар өчигдөр Өмнөговь аймагт “Оюу Толгой” компанийн уурхайд зочилж, нэг сая тонн баяжмал экспортолсон амжилтыг ажилчидтайгаа тэмдэглэжээ.
Хоёр жил хүрээгүй хугацаанд нэг сая тонн зэсийн баяжмал экспортолно гэдэг нь уйл ажиллагаагаа эхлээд удаагүй “Оюу Толгой”-н хувьд томоохон тэмдэглэлт үйл явдал юм”хэмээн Сэм Уолш хэлсэн үгэндээ тодотгосон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!