Өвлийн улиралд жирэмсэлсэн эхийн хүүхэд хожим насанд хүрэхдээ таргалах магадлал бага байдгийг тогтоосноо Японы хэсэг судлаачид зарлажээ.
Тохокүгийн Их сургуулийн удирдсан эрдэмтдийн баг энэхүү судалгааныхаа тайланг Мягмар гарагт ангаах ухааны “Nature Metabolism” сэтгүүлд нийтлүүлсэн юм.
Тэд хүний биед агуулагддаг хоёр төрлийн өөхийг шинжилсэн юм байна. Эдгээр нь илчлэг хуримтлуулдаг цагаан өөх болон илчлэгийг шатааж, дулаан ялгаруулдаг бор өөх байжээ.
Биеийн температур буурахад бор өөх дулаан ялгаруулахын тулд идэвхтэй ажилладаг тул ийм төрлийн өөх нь идэвхтэй хүмүүс жингээ барихад хялбар байдаг гэнэ.
Эрдэмтэд 18-29 насны 356 япон эрэгтэйн бор өөхийг шинжлэхдээ тэднийг эхийн хэвлийд бүрэлдсэн сараар нь ангилжээ.
Ингэхэд аравдугаар сарын 17-ноос дөрөвдүгээр сарын 15-ны хооронд бүрэлдсэн эрчүүдийн бор өөх дулааны улиралд бүрэлдсэн эрчүүдийнхээс илүү идэвхтэй байсан байна.
Мөн тухайн эрчүүдийн ээж жирэмслэх үедээ хаана амьдарч байсан, тухайн үед агаарын температур ямар байсан зэргийг гүнзгийрүүлэн судлахад бор өөхний идэвхтэй чанар нь үр тогтох үеийн гадаад орчны температуртай хамааралтай байгааг тогтоожээ.
Эрдэмтэд бас 20-78 насны 286 эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг нэмж судлахад ижил үр дүн гарсан гэнэ.
Олдсон үр дүнгээ таргалалтаас сэргийлэх, бодисын солилцоог сайжруулах арга технологи боловсруулахад ашиглах боломжтойг судалгааг ахалсан Тохокүгийн Их сургуулийн дэд профессор Такеши Ёнеширо онцолжээ.
“Үүнийг хүйтэн цаг агаарт дасан зохицох хүний биологийн чадвар байж магадгүй гэж бид үзэж байна” гэж тэр хэлсэн байна.
Гэхдээ тэр судалгаа нь явцуу хүрээнд буюу зөвхөн Японд хэрэгжсэн сул талтайг хүлээн зөвшөөрчээ.
Эх сурвалж: Japan Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|