Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас өнөөдөр "Уран хас" пянзны нээлтийн тухай хэвлэлийн хурал хийлээ.
УДБЭТ нь дэлхийн стандарт бүхий үндэсний театр болох зорилгынхоо хүрээнд уламжлал ба шинэчлэлийг үнэт зүйлээ болгож байгаа аж. Уран хас бүжгийн жүжгийн хөгжим пянзан дээр бичигдэж байгаа нь өнгөрсөн зуунаас ирсэн уламжлалыг дараагийн ирээдүйдээ үлдээж байгаа явдал юм гэдгийг онцлов.
1973 онд Монголын анхны бүрэн хэмжээний үндэсний бөгөөд сонгодог Уран хас бүжгийн жүжгийг тавьж байжээ. Тус балетын хөгжим нь бүжигчдийнхээ дотоод сэтгэлийг нээж чаддаг гэдгийг Ахмад балетчин МУГЖ Л.Оюунбат онцлов. Тус хөгжим хамгийн анх 1975 онд радиогийн алтан фондод бичигдэж байснаас хойш ийнхүү гурав дахь удаагаа шинэчлэгдэн бичигдэж байгаа юм байна.
УДБЭТ-ын ерөнхий удирдаач, пянзны бичлэгт удирдаачаар ажилласан МУСТА Ц.Тэлмүүн-Очир "Үе үеийн симфони найрал хөгжмийн хөгжимчид Уран хасын вальс, удиртгалыг нотгүйгээр цээжээр явдаг. Уран хасын хөгжим бол УДБЭТ-ын хамгийн чухал сүнс нь юм.
Уран хас бүжгийн жүжиг нь балетын хөгжим. Пянзан дээр бол цэвэр сонсоход зориулсан байдлаар бүтээсэн. Аливаа зүйлийг архивлаж авна гэдэг нь маш чухал юм. Манай улсад аливаа зүйлсийг хадгалж үлдээх тал дээр дутагдалтай тал ажиглагддаг. Иймд энэ агуу бүтээлийг пянзан дээр бүтээсэнд маш их баяртай байна. Энэ бол одоо үеийн симфоны найрал хөгжмийн хөгжимчид, гоцлол хөгжимчид Уран хас балетын хөгжмийг яаж тоглож байгаа вэ гэдгийг харуулсан бүтээл болсон. Монголынхоо сор болсон бүтээлүүдийг үргэлж шинэчилж бүтээх ёстойгийн эхлэл боллоо.
Монголчууд Уран хасын хөгжмийг гэрийнхээ хойморт залж, үеийн үед үр хүүхдүүддээ сонсгон уламжлуулан үлдээж байхыг хүсэн ерөөе" гэв.
Доорх бичлэг нь пянзан дээр бичигдсэн хувилбар биш болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|