Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "BLAST.tv Austin Major 2025" ирэх зургаадугаар сарын 02-22-нд АНУ-д зохион байгуулагдана.
Тус тэмцээний эхний шатанд Ази тивээс дөрвөн баг оролцоно. Үүний нэг багийг тодруулах урьдчилсан шатны сүүлийн тоглолтууд өнөөдөр болж, манай улсын "Chinggis Warriors" баг дэлхийн аваргад оролцох эрх авлаа. Ази бүсийг төлөөлөн оролцох эрхийн төлөө "Chinggis Warriors" баг "Eruption"-той "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 2:1-ээр ялалт байгуулсан билээ.
Ингэснээр Монгол Улсаас анх удаа хоёр баг дэлхийн аваргад оролцохоор болж байна. "The MongolZ" багийн хувьд тус тэмцээнийг гурав дахь шатнаас эхлүүлэх урилга авсан. Тэд зургаадугаар сарын 12-ноос тойргийн тоглолтуудаа эхлүүлэх юм. Харин "Chinggis Warriors" баг эхний шатнаас тэмцээндээ оролцох бөгөөд тоглолтууд нь зургаадугаар сарын 2-5-нд болно.
1.2 сая ам.долларын шагналын сантай "BLAST.tv Austin Major 2025" тэмцээнд нийт 32 баг гурван шатанд хуваагдаж, тойргийн журмаар өрсөлдөнө. Хоёр болон гурав дахь шатанд тус бүр найман баг уригдсан байгаа. Сонгон шалгаруулалтаас эрхээ авсан 16 баг эхний шатанд хоорондоо тоглох бөгөөд нэг баг нийт таван удаа тоглох эрхтэй.
Түрүүлж гурван удаа хожсон найман баг нь дараагийн шат руу дэвших учиртай. Улмаар сүүлийн гурав дахь шатнаас шалгарсан найман баг Playoffs-д нугалааны зарчмаар тоглож, тус тэмцээний аварга нь тодорно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
|