Уншиж байна ...

Apple компанитай хиймэл оюуны гэрээ байгуулсны дараа Гүүглийн толгой компанийн үнэлгээ $4 их наядыг давлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Гүүглийн толгой компани Alphabet-ийн зах зээлийн үнэлгээ анх удаа $4 их наядын босгыг давж, ийм түвшинд хүрсэн дөрөв дэх компани болон Nvidia, Microsoft, Apple-ийн араас түүхэнд бичигдлээ.

Одоогоор $5 их наяд давсан үнэлгээтэй Nvidia эдгээр компаниудыг тэргүүлж байна.

Ингэснээр Alphabet нь дэлхийн хоёр дахь хамгийн өндөр үнэлгээтэй компанийн титмийг Apple-аас булааж байгаа юм.

Alphabet, Apple компаниуд iPhone гар утасны дижитал туслагч Siri-д Гүүглийн Gemini AI хиймэл оюуны системийг ашиглах гэрээ байгуулсан тухай мэдээ цацагдсаны дараа зах зээлийн үнэлгээ нь ийнхүү өссөн байна.

Хоёр компани ямар үнийн дүнтэй гэрээ байгуулснаа одоогоор нууцалж байгаа юм.

“Маш няхуур үнэлсний эцэст бид Гүүглийн технологи Apple Foundation Models-ийн суурь болох хамгийн өндөр чадвартайг тогтоосон” гэж Apple компанийн мэдэгдэлд өгүүлжээ.

Хэдийгээр сүүлийн үед хиймэл оюуны технологитой холбоотой хувьцаануудын хөөс хагарах эрсдэл нэмэгдэж байгаа гэх айдас хөрөнгө оруулагчдын дунд үүссэн ч Alphabet компанийн хувьцааны ханш 2025 оны турш 65 орчим хувиар өсөөд байна.

Сүүлийн саруудад тус компани Gemini хиймэл оюуны загварынхаа шинэ хувилбарууд, Nano Banana зураг боловсруулагч гэх мэт шинэлэг бүтээгдэхүүнүүдээ зах зээлд гаргаснаар хөрөнгө оруулагчдынхаа эргэлзээг арилгасан юм.

Тэр ч байтугай технологийн салбарт ховорхон хөрөнгө оруулдаг Уоррен Баффетын Berkshire Hathaway компанийн анхаарлыг ч татаж чаджээ.

Alphabet-ийн шинэ бизнесүүд амжилттай байгаагаас гадна орлогын гол эх үүсвэрүүд болох Google Search хайлтын систем, YouTube платформ зэрэг бүтээгдэхүүнүүд нь эдийн засгийн тодорхойгүй байдал, ширүүн өрсөлдөөний үед харьцангуй тогтвортой ажиллаж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP