Уншиж байна ...

Украины дайны үргэлжилсэн хугацаа дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийн армийн оролцсон хугацааг давжээ

Т.Давааням, ikon.mn
22 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гараг буюу нэгдүгээр сарын 11-ний өдөр Украины дайны 1,418 дахь өдөр байлаа.

Ингэснээр Украины дайны үргэлжилсэн хугацаа Зөвлөлтийн арми Нацист Германы эсрэг 1941 оны зургаадугаар сарын 22-ноос 1945 оны тавдугаар сарын 9-ний өдөр хүртэл явуулсан дайны хугацаатай тэнцсэнийг Европын Бодлогын Шинжилгээний Төвийн судлаач Елена Давликанова нийтлэлдээ онцолжээ.

Гэвч ялгаатай нь тухайн үед Зөвлөлтийн арми Москвагийн дэргэдээс Берлин хүртэл өрнө зүгт 1,500-1,800 км давшиж, Нацист Германыг буулган авч байлаа.

Харин өнөөдөр Зөвлөлтийг залгамжлагч гэгддэг Оросын арми өөрийн хилээс баруун болон өмнө зүгт хэдхэн арван километр давшиж, 2014 оноос эхлэн санаархах болсон Донбассын бүс нутгаа ч бүрэн эзэлж чадаагүй байгаа юм.

Бүр Хятад, Иран, Умард Солонгосоор дэмжүүлээд ч, Европ тивдээ хамгийн их хөрөнгө мөнгийг зэвсэгт хүчиндээ зарцуулаад ч ийм үр дүнтэй байна.

2000-аад оны үеэс Оросын эрх баригчид Украинд нацизм газар авсан мэтээр ухуулан сурталчилж ирсэн нь өөрийн өдөөх дайныг “эх орны дайн”-тай адилтган харуулах гэсэн оролдлого байлаа.

Гэвч тэд Украин болон НАТО-гийн хүчин чадлыг дутуу үнэлж, Оросын хүчирхэг армийн тухай үлгэр домгийг нураагаад байна.

Өнгөрсөн дөрвөн жил шахуу хугацаанд Оросын эрх баригчид цэрэг армидаа нийт $540 тэрбумтай тэнцэх хэмжээний мөнгө зарцуулжээ. Харьцуулбал Украинд үзүүлсэн Өрнөдийн дэмжлэг энэ хугацаанд $380 тэрбумд хүрсэн байна.

Эндээс дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлтийн армийн гол хүн хүч, үйлдвэрлэлийн бааз Украин байсан нь харагдаж байгаа юм.

Дэлхийн хоёр дахь том армийн эсрэг хүчтэй тулалдаж буй Украин улс ч үүнийгээ батлан харуулж байна.

Гэсэн хэдий ч Москвад зарим хүмүүс Украинд ерөнхийлөгч Володимир Зеленскийн эсрэг бослого гарна, эсвэл Өрнөдийн зарим удирдагчидтай дипломат харилцаа тогтоосноор Украины дэмжлэгийг зогсоож болно гэсэн төөрөгдөлд автсан хэвээр байгаа юм.

 

Эх сурвалж: The Moscow Times