Өмнөд Солонгосын шашны удирдагчид Эв Нэгдлийн Сүм, Шинчонжи байгууллагуудыг татан буулгахыг уриалжээ
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн өчигдөр тус улсын гол шашны байгууллагуудын удирдагчидтай уулзжээ.
Тухайлбал Буддизм, Протестант, Католик зэрэг үндсэн долоон шашны төлөөлөл энэ уулзалтад оролцсоныг тус улсын ерөнхийлөгчийн алба мэдээлсэн байна.
Энэ үеэр удирдагчид Эв Нэгдлийн Сүм, Есүсийн Шинчонжи Сүм зэрэг “хууль бус, гаж үзэл номлолтой” шашны байгууллагуудын нийгэмд учруулж буй хор хөнөөлийн асуудалд санаа зовж байгаагаа илэрхийлээд тэдгээрийг татан буулгахыг уриалжээ.
Ерөнхийлөгч И Жэ Мюн тэдний уриалгыг хүлээн авч, дэмжиж байгаагаа хариу илэрхийлсэн байна.
“Улс төр, шашин хосолсон ийм үйл ажиллагаа нь хүмүүсийн амьдралд ноцтой хор хөнөөл учруулдаг бөгөөд тэдгээрийн эсрэг хатуу арга хэмжээ авах ёстой” гэж удирдагчид мэдэгдсэнийг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээнд дурджээ.
Энэ үйлсийг олон нийт дэмжинэ гэж үзэж байгаагаа шашны удирдагчид илэрхийлээд тэдгээрийн хөрөнгийг хохирогчдод нөхөн төлбөр болгон хуваарилах санаачилга дэвшүүлсэн байна.
“Энэ бол эмзэг асуудал мөн бөгөөд эдгээр байгууллагуудын манай нийгэмд учруулсан хор хөнөөлийг хэтэрхий урт хугацаанд хяналтгүй орхисны улмаас ноцтой байдалд хүрсэн байна” гэж ерөнхийлөгч И Жэ Мюн уулзалтын үеэр хэлснийг хэвлэлийн алба нь мэдээлжээ.
Одоо Эв Нэгдлийн Сүм, Шинчонжи байгууллагуудтай холбоотой улс төрийн авлигын хэргүүд шалгагдаж байгаа.
Тухайлбал Эв Нэгдлийн Сүм байгууллага улс төрчдөд авлига өгч, шат шатны сонгуулиудын үр дүнд нөлөөлөх үйл ажиллагаа явуулсанд буруутгагдаад байна.
Шинчонжи байгууллага 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор Ард Түмний Хүч намыг дэмжих хөдөлгөөнийг дагагчдынхаа дунд өрнүүлсэн хэрэгт шалгагдаж байгаа ажээ.
Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын Соёл, Спорт, Аялал Жуулчлалын яам Эв Нэгдлийн Сүм байгууллагыг татан буулгах хууль эрх зүйн орчныг нягтлан шалгах ажлыг эхлүүлсэн байна.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

