МАН-ын "нүүрсчид" гадаадаас ирж, шоронгоос суллагдаж эхэлжээ
Тусгаар тогтнолын ордонд үргэлжид байгаа Монгол Ардын Намын Бага хуралд оролцож буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр гэмт хэрэгт холбогдсон намынхаа зарим гишүүний талаар мэдээлэл өглөө.
Тухайлбал, нүүрсний гэх хэрэгт холбогдон шалгуулж, шүүхээс гэм буруутайг нь тогтоосноор ял шийтгүүлсэн Т.Аюурсайханыг маргааш буюу 2026 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр суллагдах гэж байгаа гэв.
Шүүхээс УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, 2 жил 6 сар хорих ял оноох шийдвэрийг 2024 оны есдүгээр сарын 13-ны өдөр гаргаж байжээ.
МАН-ын Бага хурлын танхимд УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат суугаа нь содон харагдсан. Тэрбээр мөн л нүүрсний гэх хэрэгт холбогдон хуулийн байгууллагад шалгуулж байхдаа гадаад руу оргон зайлсан. Улмаар түүнийг гадаад улсад оргон зайлсан гэдэг үндэслэлээр эрэн сурвалжилж байв.
Ж.Мөнхбат нь 2023 оны гуравдугаар сарын 23-нд УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Хуулийн байгууллагад шалгуулж байх хугацаандаа буюу 2023 оны аравдугаар сард улсын хилээр гарснаас хойш эргэн ирээгүй болохыг Нийслэлийн Прокурорын Газраас 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр мэдээлж байсан юм.
Түүний талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Ж.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан. Өөрөө хүсэлт гаргаад эх орондоо ирсэн. Түүнийг ирснийх нь дараа шүүгч хилийн хориг тавьснаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Ж.Мөнхбат харин ч Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нар шиг хилийн цаанаас яриад байлгүй ирчхээд байна" хэмээсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
