Куба улсыг “зөөлөн аргаар гартаа оруулах” төлөвлөгөөтэй байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч мэдэгдэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Эрчим хүчний гүн гүнзгий хямралд ороод буй Куба улсыг АНУ “зөөлөн аргаар гартаа оруулах” төлөвлөгөөтэй байгааг ерөнхийлөгч Трамп мэдэгджээ.

“Энэ улс маш том асуудалтай тулгараад байгаа. Бид Кубээс дүрвэсэн болон одоо тэнд амьдарч байгаа хүмүүст маш эерэг сайн зүйл хийж чадна гэж би бодож байна. Кубад буцаж очих хүсэлтэй хүмүүс энд байдгийг та бүхэн мэднэ. Бид Кубыг зөөлөн арга замаар хяналтдаа авах боломжтой” гэж тэр өчигдөр Цагаан ордноос Техас муж руу явахынхаа өмнө сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Трампын хэлсэн энэ үг Куба улсын талаар АНУ-ын засаг захиргааны баримталж буй бодлогыг хамгийн тодорхой илэрхийлсэн хэрэг болжээ.

Энэ оны эхээр АНУ-ын тусгай хүчнийхэн Венесуэлийн ерөнхийлөгчийг баривчилсны дараа Куба улс газрын тосны гол нийлүүлэгчээ алдсан юм.

Саяхан Цагаан ордон Америкийн эрчим хүчний компаниудаас Кубын бизнесмэнүүдэд түлш шатахуун зарахыг зөвшөөрөхөөр болсныг зарласан.

Энэ нь Кубын эрчим хүчний салбарыг АНУ-аас хамааралтай болгох, мөн Кубын хувийн хэвшлийг дэмжих замаар коммунист засгийн газрыг нь сулруулах зорилготой юм байна.

Куба улсыг Трамп “зөөлнөөр хэлэхэд дампуурсан улс” гэж тодорхойлоод төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тус улсын засгийн газарт АНУ-ын ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байгааг мэдээлжээ.

“Тэдэнд мөнгө, газрын тос, хоол хүнс байхгүй” гэж Трамп энэ үеэр хэлсэн юм.

Хэдхэн хоногийн өмнө Кубын эргийн хамгаалалтынхан тус аралд ойртож ирсэн АНУ-д бүртгэлтэй завь руу гал нээснээс дөрвөн хүний амь үрэгдэж, зургаан хүн шархадсан.

Завин дээр АНУ-д амьдардаг куба хүмүүс явсан бөгөөд Кубээс төрөл төрөгсдөө гаргах төлөвлөгөөтэй байсан гэх мэдээлэл бий.

Кубын засгийн газар тэднийг бослого үймээн гаргахыг оролдсон гэж буруутгасан бол АНУ-ын засаг захиргаа юу болсныг тогтоохоор ажиллаж эхэлснээ мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: Reuters