А.Баяр: Мопед, скүүтэрийг 16 насанд хүрсэн иргэнд түрээслүүлнэ
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал өнөөдөр болж, скүүтэр, мопедыг явган болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний зорчих хэсэгт байршуулахгүй байх, 16 нас хүрсэн иргэнд түрээслэх, стандартын зогсоол, тэмдэг тэмдэглэгээг хийх тухай хэлэлцсэн байна.
Хэлэлцсэн асуудлын талаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын(НИТХ) дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр “Ирэх зургаадугаар сарын 1-ний дотор хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран скүүтэр, мопед байршуулах зориулалтын зогсоолыг байгуулж дуусгана. Энэ ажлыг хийхдээ хувийн хэвшил, скүүтэр түрээсийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандахаас гадна иргэний аюулгүй байдал нэгдүгээрт тавигдана. Тиймээс И-Монголиа, Дан систем зэрэгтэй хамтран ажиллаж, насанд хүрсэн иргэнд түрээсийн үйлчилгээ үзүүлдэг болоход анхаарч ажиллана” гэлээ.
Тээврийн Цагдаагийн Албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Очирбат “Цахилгаан дугуй, мопед нь L1, L2, L6 ангиллын тээврийн хэрэгсэл учраас толь, гэрэл, тоормосны механизм бусад шаардлагыг хангуулахад анхаарч, дугаар олгох эрх зүйн орчныг бий болгохоор холбогдох албаныхантай зөвшилцөж байна” хэмээв.
Өнгөрсөн жил Бага тойруугийн 90 байршилд 1,800 гаруй скүүтэрийн зогсоол байгуулсан бол энэ жил Их тойруу дотор 300 байршилд 6,000 зогсоол байгуулж тэмдэг, тэмдэглэгээ хийхээр төлөвлөжээ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Нийслэл дэх салбар зөвлөл нь нийслэлийн төсвөөс санхүүждэг бөгөөд энэ онд 68 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд бүрэлдэхүүнд Тээврийн Цагдаагийн Алба, Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар, Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв зэрэг байгууллагуудын төлөөлөл багтдаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

