Сүүлийн үед нийслэлийн иргэд мопед, мотоцикл, суррон, скүүтэр, унадаг дугуйгаар зорчих болсон нь түгжрэлийг сааруулах, ажлаа хөнгөвчлөх бодит үр дүнг бий болгож байгаа хэдий ч осолд орж гэмтэх, бусдыг гэмтээх, амь насаа алдах сөрөг тал ихтэй байгаа тул иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу цаашид авах арга хэмжээний талаар саналыг боловсруулах ажлын хэсгийг төлөөлөгч Т.Батцогт ахалж ажиллаж байгаа гэж өчигдөр орой болсон НИТХ-ын ээлжит бус хуралдаанд танилцуулав.
Ажлын хэсэгт НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн Замын Хөгжлийн Газар, Нийтийн Тээврийн Бодлогын Газар, ЗХУТ, Jet sharing Mongolia, Tapa trip agency, Eco technology зэрэг бизнесийн байгууллагын төлөөлөл нийт 15 хүн багтжээ.
Ажлын хэсэг нэг сарын хугацаанд хоёр удаа хуралдаж, оролцогч талуудын санал шүүмжлэлийг сонсож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн
Саналыг үндэслэж ажлын хэсгээс нийслэлийн нутаг дэвсгэрт унадаг дугуй, мопед, скүүтэр түрээсийн үйлчилгээ эрхлэх, хөдөлгөөнд оролцуулах журмын төсөл боловсруулан НИТХ-аар хэлэлцүүлэхийг НЗДТГ-т үүрэг болгон ажлын хэсгийн санал дүгнэлт болон журмын төслийг НИТХ-ын даргад 2025 оны долоодугаар сард хүргүүлсэн байна. Журмын төслийг одоогийн байдлаар эцэслэн боловсруулж өргөн мэдүүлээгүй байгаа тул дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг НЗДТГ-т үүрэг болгож байгааг төлөөлөгч Т.Батцогт хэлэв.
Мөн уг журмыг баталсны дараа хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг УИХ-д хүргүүлэх саналыг гаргалаа.
Хурлын үеэр төлөөлөгчид суррон, мопед, скүүтэрээр зорчиж гэмтсэн болон уг тээврийн хэрэгслээр зорчсоноор замын түгжрэл хэдэн хувиар буурсан болохыг албаны хүмүүс асууж, хариулт авсан юм.
Замын цагдаагийн газрын дарга хурандаа С.Галбадрах: Мопед, скүүтэр зэрэг тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулснаар авто замын түгжрэл, сааталд эерэг нөлөө үзүүлсэн хувь хэмжээг судалгаагаар гаргаагүй байна.
Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд 16 насанд хүрсэн хүн эдгээр тээврийн хэрэгслийг унах зохицуулалттай.
Тухайн тээврийн хэрэгслийг унаж байгаа хүн замын зорчих хэсгийн зөвхөн баруун талын эгнээгээр зорчино. Энэ жил Энхтайвны өргөн чөлөө, Нарны зам дээр мопед, скүүтэрээр зорчих эгнээг гаргаж өгсөн ч мөрдөхгүйгээс явган хүний замаар зорчиж, осол гэмтэлд өртөх нь буурахгүй байна.
Хороолол, хотхон дотор бага насны хүүхдүүд унаад байгаа сурроныг бүртгэлжүүлж, хяналт тавина.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж "2021-2024 онд суррон, мопед, скүүтэр, унадаг дугуй унаж явсан шалтгаанаар гэмтсэн иргэдийн тоо 887. Эдгээрийн 93% нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
2025 оны эхний хагас жилд Улаанбаатар хотод энэ төрлийн шалтгаанаар 98 осол гарснаас 50%-ийг 10-19 насныхан эзэлж байгаа тул энэ насны хүүхдүүдэд эрүүл мэндийн болон хөдөлгөөний аюулгүй байдлын талаар зөвлөмж өгч байх шаардлагатай гэж үзэж байна" гэв.
Замын цагдаагийн газраас холбогдох төрийн байгууллагуудтай хамтарч мопед, скүүтэр зэрэг тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулснаар авто замын түгжрэл, сааталд эерэг нөлөө үзүүлсэн хувь хэмжээний судалгааг гаргаж өгөхөөр болов.
Харин мотоциклтой холбоотой зөрчил 65%-аар буурсан. Чанга дуутай тээврийн хэрэгсэлд шөнийн цагаар хяналт шалгалт хийсэн нь үр дүнгээ өгсөн болохыг Замын цагдаагийн газрын дарга хурандаа С.Галбадрах тодотгов.
Түүний мэдээлснээр аравдугаар сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог байна.
Төлөөлөгчдийн санал:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!