Бүрэн хэмжээний дайны дөрвөн жилийн дүн
2022 оны хоёрдугаар сараас хойш үргэлжилж буй Орос-Украины дайны талаар бэлтгэл хошууч Адьяaгийн Батсайханы бичсэн нийтлэлийг хүргэж байна.
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд би дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Дайны түүх, цэргийн урлагийн түүх сонирхдог. Ялангуяа Зөвлөлтийн армийн түүхээс багагүй мэднэ. Тэр мэдлэгээрээ дүгнээд Орос ба Путин Украиныг дийлэх нь өнгөрлөө гэсэн дүгнэлтийг бүр 2022 оны хавар Киевийн дэргэдээс оросын спецназ хөөгдөхөд хийчихсэн. Харьков, Херсоноос оросын цэрэг шившигтэй хөөгдөн гарч байхад итгэл үнэмшлээ бүр ч сориод авсан. Миний зөв.
Энэ удаа дайны 4 жилийн ойг тохиолдуулан “Charter97.org” сайтад украины цэргийн шинжээч Александр Коваленкогийн ярьсныг бүрэн эхээр нь хөрвүүлж буулгая. А.Коваленко бол “Информационное сопротивление” (мэдээллээр эсэргүүцэхүй) хэмээн цэрэг-улс төрийн группын тоймч, цэргийн тагнуулч асан. Түүний ярьсан нь:
Товчилсон нэрээрээ ВСУ буюу Украины зэвсэгт хүчин нь нутаг дэвсгэртээ тохирсон цэрэгтэй, цэргийн тоо нь оросын армид хэзээ ч хүрэхгүй, хойшдоо ч тийм. Оросын арми бол дэлхий дээр хоёр дахь том арми гэж тооцогдож ирсэн. Байлдаж байгаа, хадгалж байгаа танкийн тоогоор гэхэд дэлхийд бараг тэргүүлнэ. Цаашлаад байлдааны хуягт машин, артиллер, сум галт хэрэгсэл, стратегийн ба тактикийн авиац гээд явж өгнө. Тийм учраас Украин-Оросын хооронд дайн ийм удтал үргэлжилж буй, цаашдаа үргэлжилнэ гэдэгт барууны ямар ч шинжээч төсөөлж итгэж чадахгүй, одоо ч гайхсаар байна. Гэтэл дөрвөн жил өнгөрлөө. Оросын тэр олон танк, ББМ, галаар мөндөр оруулдаг артиллер хаачив аа? Стратегийн авиац нь юу болчхов? Үнэхээр Украины нутаг дэвсгэрт танкийн ба механикжсан цуваагаар цохилт өгч, хотуудыг бөмбөгдөж, пуужиндаж эхэлсэн биш бил үү, тэгвэл одоо?
Одоо байлдааны талбарт дайчилгааны шинэхэн, бэлтгэгдээгүй, туршлагагүй, зүгээр л “биомасс”-аар давшихчаан болж, тэд буханка (талхны машин), жигули, нива, мотоцикл, морь, илжиг унан давшиж байна. Онигоо болж дууслаа. Гэхдээ онигоо ч биш, бодит үнэн нь энэ, энэ дайн тав дахь жилээ угтаж байна.
Орос нь 2024 онд шинэ зорилт дэвшүүлсэн. Фронт дээр үтэр түргэн амжилт олж чадахгүйгээс хойш , украинчуудыг зүгээр л “терроризировать” болгох, Украины ар тал руу пуужин, бөмбөг, дрон-камиказе ашиглан террор хийх. Тэглээ гээд украинчуудыг нугалж чадсангүй, зоригийг нь мохоож даан ч чадсангүй.
Хариуг нь өглөө. Украин өөрийн ээлжид дрон-камиказег Орос руу илгээж байна. Оросын хэд хэдэн хот муж, жишээ нь Белгород, Брянск, Орел блэкаут боллоо. Оросын цэрэг-аж үйлдвэрийн салбарууд руу украины пуужин нисэж очдог боллоо. Орос өөрсдөө дайнаа ийм шатанд гаргачихлаа. Орос дайнаа хэрхэн эхлүүлсэн, одоо хэрхэн үргэлжлүүлж байгааг харьцуулаад үзээрэй. 2022 онд Орос нь Украины 64 мянга гаруй км² нутаг дэвсгэрийг эзэлсэн. Харин өнгөрсөн 2025 онд эзэлсэн нутаг нь 4300 км² болж хорогдсон дүнтэй. 2024 онд 3700-3800 км² байсан. Анх Украины эсрэг дайнаа эхлүүлэхдээ Орос 180 мянган цэрэгтэй орсон бол 2025 оны сүүлчийн байдлаар 715 мянган цэрэгтэй байлдаж байна. Өөрөөр хэлбэл Украинд аваачсан цэрэг нь 4 дахин нэмэгдсэн атал нутаг дэвсгэр эзлэн авах хурд нь 17-18 дахин сунжирсан байдалтай, 2023 онтой нь харьцуулбал. Гэтэл үхэл хорогдол нь 4 дахин давжээ. 2022 онд Орос нь 93 мянга гаруй цэргээ алдсан бол 2025 онд 410 мянган гаруйг. Энэ бүхнийг Украин дахь Оросын амжилттай дайн гэж нэрлэх үү? Үгүй.
Энэхүү 4 жилд Орос нь үлэмж суларлаа, зарим талаар дампуурлаа. Тэгвэл украины арми энэ дайнд үлэмж туршлагажлаа. Ийм ноцтой, потенциал бүхий том дайсантайгаа байлдаж туршлага суулаа. Саяхны хээрийн сургуульд украины нэг тасаг цэрэг НАТО-гийн хоёр батальоныг бут цохиж байгаагаас харагдлаа. Хээрийн сургууль байсан нь яамай.
Ингэхэд ВСУ-гийн хамгийн амжилттай бас шийдэмгий операц юу байв? Түүхэнд өмнө нь тохиож байгаагүй, дайнд анх удаа туршсанаас нь нэрлэе. Танк эсэргүүцэх комплексоос анх удаа нисдэг тэрэг сөнөөж чадлаа. Танк эсэргүүцэх комплексоос анх удаа тэнгист катер сөнөөж чадлаа. Агаар-газар ангиллын далавчит пуужингаар 40 жилийн дайн мөргөлдөөний түүхэнд анх удаа оросын шумбагч хөлгийг (флотын флагман, пуужинт крейсер “Москва”) сөнөөж чадлаа.
Хэрэв глобал зураглалаар ярих гэж байгаа бол Украины хойд хэсэгт, мөн Харьков, Херсон мужид 2022 оны бүхий л сөрөг давшилтаараа Оросын цэргийг бут цохиж чадлаа. Энэ гурван чиглэлд явуулсан байлдааны операц дайны цаашдын өрнөлтөд онцгой ач холбогдолтой нөлөө үзүүлсэн. Цаашлаад оператив-тактикийн түвшний операцууд байна. Заримыг нь ОХУ-ын өөрийнх нь нутаг дэвсгэрт хийсэн тусгай операц. Тухайлбал цэргийн гэмт хэрэгтнүүдийг авласан ажиллагаа гэх мэт.
Украины эсрэг дайнд оройлон оролцсон оросын генералууд бол цэргийн гэмт хэрэгтнүүд мөн. Тийм учраас Украин нь оросын офицер, генералитетийг авлаад зогсохгүй, Украины эсрэг дайны олон төрлийн зэвсэг бүтээсэн эрдэмтдийг ч авлах болно. Жишээ болгож 2025.06.01-нд хэрэгжүүлсэн “Паутина” гэх спецоперац байна. Энэ бол гайхамшигтай түүхэн үйл явдал. Дэлхий дахинд ийм операцыг өмнө нь хэн ч явуулж байгаагүй. Яагаад гайхамшиг вэ гэвэл, нарийн түвэгтэйгээс гадна хүрсэн үр дүн нь гайхамшигтай. Холын зайд нисдэг оросын стратегийн авиацын олон арван онгоцыг устгасан буюу гэмтээсэн, тэдгээр нь Оросын цөмийн зэвсгийн гурвалын нисэх жигүүрийн онгоцууд байлаа шүү дээ. Одоо ашиглах аргагүй болсон. Алс холын зайд нисдэг Оросын авиац толгойгүй болчхоод байна. Одоо ийм төрлийн нисэх онгоцны тоо доод түвшиндээ очсон, байлдах чадвар, батлан хамгаалах чадварт нь ноцтой нөлөөлж, улмаар Украины эсрэг Ха-101 пуужингаар террор үйлдэх боломжгүй болгож орхилоо, тэднийг.
Эдгээр операцыг явуулсны дүнд Оросыг Хар тэнгисээс шахаж чадлаа. Өнөөгийн байдлаар Хар тэнгист Украины хяналт давуу байна. Украины тэнгисийн дронууд Оросын флотын байлдах чадварыг хэрэг дээрээ үгүй хийж, Оросыг Севастополиос Новороссийск руугаа зугтахад хүргэжээ. Одоо Новороссийсктоо Орос нь “калибр” харвадаг хөлөг онгоцуудаа зогсоолд хав дарж нууж байгаа ч саяхан “Варшавянка” хэмээх шумбагч хөлөг рүү нь цохилт өгөхөд хамгаалж чадаагүй, өөрөөр хэлбэл бид хүсвэл хаана ч хүрч цохилт өгч чадах болсон.
2022 онд Керчийн гүүр рүү цохилт өгсөн операцыг бас тэмдэглэх хэрэгтэй. Мэдээж дахиж цохиогүй байна. Гэхдээ 2022 онд тэгж цохилт өгснөөр Оросын нэр хүндэд том хохирол учруулж чадсан, учир нь Керчийн гүүр бол Крымыг эзлэн авсны бэлэг тэмдэг байсан билээ гэжээ.
Энд би юу хөрвүүлж буулгав. Хараал урсгалгүйгээр эрүүлээр сэтгээд үзээрэй. Мафиоз-олигархи маягийн Путиний дэглэмийн дөрвөн жилийн дайных нь ялагдлын заримыг хөрвүүлж буулгалаа. Цаашаа олж уншина гэвэл асар их мэдээлэл сошиалд байна. Дэлхий дээр хоёр дахь том арми дэлхий дээрх гурав дахь том армитай (Хятад) холбоотныхоо дэмжлэгээр дэлхий дээрхи 22-р армийг барсангүй, энэ бол жинхэнэ шившиг биш гэж үү? Орос нь ялна гэж байхгүй, Украин ялагдана гэж байхгүй дөрвөн жилийг туулчихсан юм биш үү!
Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
