2022 оны хоёрдугаар сараас хойш үргэлжилж буй Орос-Украины дайны талаар бэлтгэл хошууч Адьяaгийн Батсайханы бичсэн нийтлэлийг хүргэж байна.
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд би дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Дайны түүх, цэргийн урлагийн түүх сонирхдог. Ялангуяа Зөвлөлтийн армийн түүхээс багагүй мэднэ. Тэр мэдлэгээрээ дүгнээд Орос ба Путин Украиныг дийлэх нь өнгөрлөө гэсэн дүгнэлтийг бүр 2022 оны хавар Киевийн дэргэдээс оросын спецназ хөөгдөхөд хийчихсэн. Харьков, Херсоноос оросын цэрэг шившигтэй хөөгдөн гарч байхад итгэл үнэмшлээ бүр ч сориод авсан. Миний зөв. Үргэлжлүүлье.
XXI зууны шинжлэх ухаан, технологийн ололтыг ашигласан дайн анх удаа Украины газар нутаг дээр явагдаж байна. Өвч бүрэн, иж бүрэн хоёр талаасаа дайтаж байсан түүх үгүй. Гэхдээ “Ядахад яр” гэгчээр фронтоос муу мэдээ Орос руу тасралтгүй цувна. Украин БПЛА, дроны оновчтой, тасралтгүй халдлагуудыг газрын зурагт үзүүлжээ. Нэлэнхүйдээ автсан байна.
Оросын газрын тос, хийн салбарт хүчтэй цохилт өгч байна. Нефть нэрэх боловсруулах үйлдвэрүүд хавтгайдаа үйл ажиллагаа нь доголдов. Москва, Питерийг арай ядан бензинээр хангаж байна. Тэр тасалдвал ард олны дургүйцэл тэсэрнэ. Одоо олигархиудын дотоод зөрчил, цэргийнхэн дунд хулгай, орголт, үзэн ядалт дэгдэж, тэр нь яван явсаар Ерөнхийлөгч Путиний эсрэг самуун, төрийн эргэлтэд хүргэх вий гэж болгоомжлохоор байна.
Украины зэвсэгт хүчинд (ВСУ) ерөнхий цэргээс гадна аюулгүйн албаны (СБУ) тусгай хүчнийхэн гэж Орост аранга болсон тусгай салбар буй болоод фронтын нүүр царайг шал өөр болгожээ. Ихэнх дрон ба нисэгчгүй төхөөрөмж тэдний мэдэлд байна. Тэд оросын ПВО буюу агаарын довтолгооноос хамгаалах 500 гаруй системийг устгасан. Устгасан байнуудын дотор алсын болон дунд зайны зенит-пуужингийн S-400, S-300 системүүд, зенитийн пуужин–их бууны “Панцирь-С1” цогцолборууд, зенит-пуужингийн “Бук-М2/Бук-М3” системүүд, “Тор-М2”, “Оса”, “Стрела-10” гээд жагсаж байна. Ийнхүү оросын агаарын довтолгооноос хамгаалах системийг сохолж чадлаа. Цаашлаад пуужингийн агуулах, түлш, засвар дэд бүтэц, радарын станцууд, командын байр, илрүүлэх төхөөрөмжүүд бараг бүгдээрээ цохилтод өртжээ. Украины FPV-дрон орос цэргүүдийн нуувч блиндажийг нэг бүрчлэн нисэж очин сүйтгэж байна.
Путин, Герасимов нар тийм хотыг тэгж чөлөөллөө гэж мэдэгдэх тоолонд ВСУ хариуг нь дор нь өгч байна. Путин Мирноград, Гуляйполь хоёр хотыг дөнгөж сая укрнацистуудаас чөлөөллөө гэмэгц нь украины армийн “Скала” гэдэг хороо Гуляйполь хотыг оросын цэргээс чөлөөлж, оросын хоёр батальон устсан гэж байх шиг. Хэнд нь итгэх вэ, өөрсдөө мэд.
Украин нь НАТО-гийн холбоотнуудын сансрын хиймэл дагуулын тагнуулын мэдээг ашиглан одоо Брянскаас Крым хүртэл оросын пуужингийн байрлалуудад тусгай ажиллагаа явуулж, “Искандер” системийн 60%-ийг устгаж, энд тэндгүй ПВО-г нь сүйрүүлсээр байна. Оросуудын гаргаж ирсэн нэр томьёо болох “демилитаризация” гэдгийг Украин өөрөө Крымдээ хийж байна. Ганц удаагийн дайралтаар С-300В пуужингийн суурь, радиолокацын РСП-6М2 систем, “Бук-М3” пуужингийн команд-штабын “Редут-221” машин, радиолокацын РПН 9С36М станц гээд бичээд байвал тоо баримт олон байна. Хайран ч зэвсэг техник, мөнгө, хүний амь гэж цэргийн хүний хувьд би их харамсах юм. Харин Путинд харамсал биш бололтой. Араас нь ундарч гарч ирээд байдаг юм байлгүй.
Гутамшигт пост олж үзлээ. Олзны орос цэргийн тухай. Тюмень хотод цэрэг татлагын хороонд (Военкомат) болсон явдал. Орос цэрэг Артем нь Покровскийн ойролцоо олзлогджээ. “Украинд олзлогдсон орос цэрэгт туслахгүй” гэж гэргийд нь шууд хэлжээ. Хөөрхий гэргий нь тусалж өгөөч, олзноос суллуулж өгөөч гэхэд нь “Нөхөр чинь бууж өгөх биш, харин өөрийгөө гранатаар дэлбэлэх ёстой байсан юм” гэхийг сонсоод бүсгүй уйлаад буцжээ.
Мэдээж Тюменийн тэр бүсгүй, гэр бүл Путинийг хэзээ нэгэн цагт зүхнэ. Одоо ч зүхэж байгаа. Путиний хэнэггүй энэ байдлыг Орос даяар битүүхэн жигшин зэвүүцэж байгааг илтгэх мэдээ ирж байна. Украины эсрэг өдүүлсэн түрэмгийлэл нь Орос эх орныг нь эдийн засаг, хүн ам зүйн талаас устгаж хөнөөж байгааг Z-эх оронч путинист Максим Калашников хүлээн зөвшөөрч, ялагдаж буй дайнаа одоо зогсоолоо ч Орос орноо аварч чадахгүй болсон. Зөвлөлт улсын зохиомжоор ОХУ тарж бутрах эрсдэл онцгой өндөр байна гэж хэлж байх юм.
Оросоос ирдэг эдийн засгийн статистик мэдээ сэтгэл түгшүүлэхгүй байхын аргагүй байна. 2025 оны 11 сарын байдлаар Орост маш том, өргөн хүрээтэй аж үйлдвэрийн коллапс нүүрлэв үү гэмээр тоон үзүүлэлт гарчээ. Дан хасах. Трактор хасах 61%, бульдозер хасах 53%, лифт хасах 37%, насос хасах 38%, подшипник хасах 37%, дотоод шаталтын хөдөлгүүр хасах 48%, автомашин хасах 34%, автобус хасах 17%-28%, ачааны машин хасах 43%, кузов хасах 38%, чиргүүл хасах 33%, электровоз хасах 24%, вагон хасах 44%, хасах хасах хасах ... Үргэлжлүүлэхээ азная. Үндсэн сэдэв.
XXI зууны энэ дайны хувь заяа Украины зэвсэг хүчний талд ашигтайгаар эргэж байгаа гэх дүгнэлт цэргийн шинжээчид хийцгээж байна. Баруун ч ВСУ-г онч мэргэн зэвсгээрээ сайн зэвсэглэж байна. Холын тусгалтай онч мэргэн зэвсгийн тоо чанараар Барууныхан Оросыг хол хаясан нь алхам тутам харагдаж байна. Одоо ВСУ нь оросын стратегийн ач холбогдолтой гүүрнүүд, төмөр замын зангилаа станцуудыг онилон дайсныхаа ложистикийг тасалдуулахаар ажиллаж байна. Ганц шөнийн цохилтоор Крымд Севастополь, Евпотори, Сази, Симферопол, Керчийн гүүрийг онилж алсын дрон ба далавчит “Нептун” пуужин харважээ. Оросыг фронт орчмын штабуудыг цохиж эхлээд байна. Ингэснээр оросын цэргийн удирдлага сулрана. Дараагийн ээлжид холын тусгалтай пуужингаар Оросын цэрэг- аж үйлдвэрийн хамслын стратегийн үйлдвэрүүдэд цохилт өгч Оросыг пуужин, дроны үйлдвэрлэлгүй болгохыг зорих байх.
Цэргийн урлагийн өнцгөөс Ираны эсрэг Израилийн туршлага гэдгийг Украинд идэвхийлэн судалж байна. Хамгийн эхлээд Ираны радар ба сансрын холбооны пункт руу цохилт өгснөөр ПВО-г нь сохолсон, нэгэнт сохлоод авсан бол Ираны тэнгэрт юу дуртайгаа хийж чадсан. Бас хорлон сүйтгэх-тагнуулын бүлгүүдийг бэлтгэж өргөн ашигладаг Израилийн туршлага байна. Хэрэв ВСУ энэ туршлагуудыг судлан Оросын түрэмгийллийн эсрэг ашиглаж чадвал дайны явцыг эргүүлж чадна.
Энд би юу хөрвүүлж буулгав. Хараал урсгалгүйгээр эрүүлээр сэтгээд үзээрэй. ОХУ, Путин энэ дайныг санаатайгаар дэгдээсэн, түүндээ олон жил санаатайгаар бэлтгэсэн. Ерөөсөө ийм дайн хийхээс өөр зорилгогүй, гарцгүй дэглэм Орост Кремльд ноёлж байна. Тэр бол ард түмний эсрэг мафиоз-олигархийн фашист маягийн дэглэм шүү дээ. Энэ дэглэм дайнаа фронт дээр ч, мэдээллийн далайд ч, хүн ардын тархинд ч зэрэг зэрэг явуулж чадна. Украиныг арван хэдэн жил гүтгэж мууллаа. Гүтгэлгээ мянган удаа давтдаг Геббельсийн зарчмаар явуулчихна. Тэгж тархи угаасны дараа түрэмгийллээ зөвтгөчихнө. XXI зуунд харин тэгдэг цаг үе нь яг мөн үү? Мартсанаас оросын гүтгэлэгт дуртай монгол хүн чамгүй олон байх юм аа. Хайран ч тархи мэдрэл!!!
Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!