Эпштейний асуудлаар мэдүүлэг өгөхдөө Билл Клинтон “Би юуг ч хараагүй, ямар ч буруу зүйл хийгээгүй” гэж мэдүүлжээ
Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейн агсантай ямар холбоотой байсан талаараа Конгрессын төлөөлөгчдийн танхимын хяналтын хорооны гишүүдэд хаалттай мэдүүлэг өгчээ.
Энэ үеэр тэр Эпштейнтэй уулзах бүрдээ “намайг эргэлзүүлэх ямар нэг зүйл огт хараагүй” гээд хэрвээ насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт ашигласан гэмт хэргийн талаар мэдсэн бол онгоцоор нь нисэхгүй, хуулийн байгууллагад мэдээлэх байснаа хэлсэн байна.
“Тэр үүнийгээ хүн бүрээс маш удаан хугацаанд нуусан учраас л бид өнөөдөр энд байна” гэж Клинтон хэлжээ.
Клинтон 2000-аад оны эхээр ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буусны дараа, 2008 онд Эпштейн анх удаа гэмт хэрэгт яллагдахаас өмнө хэд хэдэн удаа түүний хувийн онгоцоор ниссэн гэдэг.
АНУ-ын хууль зүйн яамнаас ил болгосон баримтуудад царайг нь нуусан эмэгтэйчүүдтэй хамт авхуулсан Клинтоны гэрэл зургууд багтсан юм.
“Би юуг ч хараагүй, ямар ч буруу зүйл хийгээгүй” гэж тэр хууль тогтоогчдод мэдүүлжээ.
Өмнөх өдөр нь буюу Пүрэв гарагт түүний гэргий, төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон бас мэдүүлэг өгсөн юм.
Хиллари энэ үеэр Эпштейн агсантай уулзаж байснаа санахгүй байгааг, бас түүний хэрэгтэй холбоотой хуваалцах ямар нэг баримт өөрт нь байхгүйг мэдүүлж байв.
Хяналтын хорооны дарга, Бүгд Найрамдах намын хууль тогтоогч Жэймс Комер одоогоор Клинтоны гэр бүл ямар нэг зүйлд буруутгагдаагүй байгааг сонсголын дараа мэдэгджээ.
Ойрын үед Хиллари Клинтоны өгсөн мэдүүлгийн дүрс бичлэгийг нийтэд ил болгохоо тэр амласан байна.
Мөн Эпштейний баримтуудаас ил гарсан гэрэл зургийн талаар, Клинтоныхны буяны сан Эпштейнтэй холбоотой байсан эсэх талаар экс ерөнхийлөгчөөс нэмж тодруулах төлөвлөгөөтэй байгаагаа Комер мэдээлжээ.
Билл, Хиллари нар одоогийн ерөнхийлөгч Дональд Трампыг хамгаалж буй Бүгд Найрамдах намыг шүүмжилж, түүнээс адилхан мэдүүлэг авахыг шаардаж байгаа.
Трампын нэр Эпштейний баримтуудад олон удаа дурдагдсан ч тэр 1990-ээс 2000-аад оны үед түүнтэй найзалж байсан, 2008 онд гэмт хэрэгт яллагдахаас нь өмнө харилцаагаа тасалсан гэж ярьдаг.
Ардчилсан намынхан саяхан АНУ-ын хууль зүйн яамыг насанд хүрээгүй байхдаа Трампын бэлгийн хүчирхийлэлд хохирсон гэх эмэгтэйн мэдүүлгийг нуун дарагдуулсан гэж буруутгасан юм.
Хууль зүйн яам уг баримтыг нягтлан шалгаад шаардлагатай бол нийтлэхээ амласан.
Нью-Йоркийн санхүүч Эпштейн 2019 онд холбооны шоронд хоригдож байхдаа нас барсан юм. Түүний үхлийн шалтгааныг амиа хорлолт гэж дүгнэж байв.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

