А.Бямбажаргал: Алтан гургалдай шиг дуулж ард түмний саналыг авчхаад "Намайг яах гэж сонгосон юм" гэж байгаа ёс зүйн асуудлыг хүлээн зөвшөөрөх үү
Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан боловсруулж, УИХ-д нэн яаралтай горимоор өргөн барихаар болж байна.
Хуулийн төслийн талаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал "Ард түмнээс эх сурвалжтай, ард түмний сонголтоор бий болж буй парламентыг хянах эрх нь ард түмэндээ бий. Сонгуулиар хянаж байгаа боловч ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд тухайн гишүүнийг ард түмэн хяналтынхаа хүрээнд, ардчилсан парламент өөрийгөө хамгаалах хүрээнд, мөн Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэх дээд байгууллага Үндсэн хуульт ёсыг сахиулах хүрээнд эдгээрийг хэрэгжүүлэх боломжийг тодорхой болгож байна.
Мөн 2019 онд орсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татаж болох үндэслэлийг Үндсэн хуульд тусгасан. Эдүгээ энэ хуулийг хэрхэн яаж хэрэгжүүлэх эрх зүйн орчныг тодорхой болгож байна.
Ёс зүй мөхсөн газар хулгай хаданд гарч, хууль уланд ордог гэсэн үг бий. Иймд ёс зүйтэй, сахилга хариуцлагатай нийгэм нь ардчилсан тогтолцооны үндэс суурь юм" хэмээв.
Мөн тэрбээр "УИХ-ын гишүүн нь ард түмний элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлын төлөө зүтгэхээр тангаргаа өргөдөг. Алтан гургалдай шиг дуулж ард түмнээс санал авчхаад адаг сүүлд нь "Намайг яах гэж сонгосон юм бэ" гэж амыг нь асуух хэмжээнд ёс зүйн асуудлыг бид хүлээн зөвшөөрөх юм уу. Иймд ард түмэн өөрсдөө хяналтаа хэрэгжүүлэх ёстой.
Ард түмэн ноцтой зөрчил гаргасан байна гэдэг асуудлыг хуулийн төсөлд тусгагдсаны дагуу тавивал УИХ-ын Ёс зүйн дэд хороо авч хэлэлцэнэ. Ингэхдээ нээлттэйгээр, саналаа илээр өгөх гэсэн хоёр зарчмыг баримтална.
Нэг талаасаа парламентын дархлааг өөрт нь үлдээж байгаа. Хэн нэгэн нь оруулж ирэх биш ард түмэн санаачилж болно. Хоёрдугаарт илээр хэлэлцэж, илээр санал өгнө. Аливаа зүйлийг нээлттэй, ил тод хэлэлцсэнээс буруудах зүйл ер үгүй" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
